1-р байрЯлагчийн бичвэр

@bayrmaxx

Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан “Миний нутаг” сэдэвт богино бичвэрийн уралдаан

1-р байрЗохиогч: @bayrmaxx1,195 үг

Нүүдэл Өвөг дээдэс маань жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдрахдаа өрх гэрээ цаг хүрэхгүй хугацаанд буулган хурааж эмхэлчихдэг. Туургаа хуулж, униа салгаж, тооноо буулгаж, ханаа эвхэнэ. Бүгдийг тэмээ, үхэр тэргэндээ ачаад хөдлөхөд ногоон тал дунд ганцхан цайвар дугуй хээ үлддэг. Буурь Хоёр чемоданыхаа өмнө сууж буй би. Нэг нь хорин гурван килограмм, нөгөө нь бас хорин гурав. Нэг хүний бүхэл бүтэн амьдрал дөчин зургаан килограммд багтах ёстой гэж хэн шийдсэн юм бол? Хувцсаа эвхэж, хайртай номнуудаасаа аль нь надтай явах, аль нь үлдэхийг шилж сонгоно. Өвөг дээдэст маань гэрээ буулгахад ганцхан цаг л хангалттай байсан. Надад ч бас олон цаг хэрэггүй бололтой. Сүүлийн арван жил гадаадад сурч байхдаа дотуур байрнаас дотуур байр руу нүүсээр ачаагаа базаахдаа гарамгай болжээ. Угаасаа л би нүүдэлчин удамтай, нүүдэлчний зоримог агаад гавшгай хурдан чанар сэтгэлд минь амь бөхтэй оршдог аж. Малчин айл дөрвөн улирлын буудалтай. Хаваржаандаа төл бойжуулна. Зун ус ойр, өвс ногоо элбэг газар зусаж, сүү саалиа арвижуулна. Намаржаандаа малдаа тарга тэвээрэг авч, өвлийн бэлтгэлээ базаана. Өвөлжөөндөө хахир хүйтнийг давна. Хавар болохоор дахиад л ачаагаа ачна. Гэвч нүүх болгондоо "Би нутгаа орхилоо" гэж хэлэх малчин үгүй. Учир нь нутаг гэдэг газрын зураг дээрх нэг жижигхэн цэг биш. Нутаг бол тэр дөрвөн буудлыг холбосон жим зам, улирал бүрийн хэмнэл, бас буцаж ирнэ гэдэгтээ дандаа мэдэрдэг итгэл найдвар юм. Миний нүүдэл ч гэсэн дөрвөн улиралтай. Ганц ялгаа нь улирлууд маань сараар биш, жилүүдээр солигддог. Миний хаваржаа бол миний Монгол нутаг. Урин хавар мал төллөж, шинэ цаг айлчлан ирдгийн адилаар би энд төрж, энд өсөж өндийсөн. Есдүгээр сарын 1-нд багшдаа өгөхөөр цэцэг тэврэн сургуульдаа очно. Удалгүй өвөл ирнэ. Хамар хөлдөм харанхуй өглөө ороолтоо нүдэндээ тултал ороогоод, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй автобусаа хүлээнэ. Суунгуутаа цонхны цанг амьсгалаараа хайлуулж, жижигхэн цонх гаргаад буух буудлаа харуулдана. Тэр бол сургууль руугаа явж буй бяцхан би. Шинэ жил ойртоход сургуулийнхаа үдэшлэгт оролцох гэж найз охидтойгоо даашинз хайна. Цагаан сар айсуй үед ээж аавтайгаа хамт бууз чимхэлцээд тагтан дээрээ хөлдөөнө. Халуун зунаар халуун ус тасардаг хоёр долоо хоног тогоонд ус халааж үсээ угаана. Зуны амралтаар эмээ маань хөдөөлдөг, нагац ахын мал ахуйн ажилд тус дэм болдог байлаа. Өглөө эрт босож үнээ саах гэж үзнэ, ихэнхдээ би сэрдэггүй байсан л даа. Хөдөөний ахын мотоциклийн ард сууж малаа эргэнэ. Орой хонь ямаагаа хотонд нь оруулаад нэг бүрчлэн тоолно. Эмээгийн бүрсэн таргийг идэж, хөөрүүлсэн сүү ууна. Цахилгаангүй болохоор оройн есөн цагт л унтчихна. Багануурын төвөөс аав ээж, авга нагац нар маань ирэхийг тэвчээртэй хүлээнэ. Тэд үргэлж амттай зүйлс авчирна. Тэр үед "дэлхий" гэдэг үг ямар том болохыг би мэддэггүй байлаа. Миний дэлхий ердөө манай байр, манай хороолол, сургууль, зун болгон очдог эмээгийн маань гэр л байсан. Арван зургаан настайдаа би анхны том нүүдлээ хийсэн юм. Ахлах сургуулийн солилцооны хөтөлбөрөөр Америкийн Вермонт мужид өнгөрүүлсэн тэр жил миний зуслан байлаа. Тэнд би эх нутгаа анх удаа гаднаас нь тольдсон юм. Олон улсын боловсролын долоо хоногоор би сургуульдаа Монголын тухай илтгэл тавих боллоо. Хэдхэн хуудас танилцуулгад дэлхийн дайтай бүхэл бүтэн улс гүрнээ багтаах гэж оролдлоо. Монгол гэр, монгол морь, монгол үндэстний бахархал Чингис хаан, Монголоор гоёдог хөх тэнгэр, хөгжин цэцэглэж буй улсын нийслэл Улаанбаатар хот. Мэдээж "Чи сургуульдаа мориор явдаг уу?" гэсэн өнөөх асуулттай таарсан. Их сургуульд суралцахаар Солонгос руу нүүсэн нь миний намаржаа байлаа. Намар бол ургацаа хураах, тарга тэвээрэг авах, өвөлд бэлдэх улирал. Би ч тэнд яг ингэж өөрийгөө бэлтгэсэн. Анх намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол солонгос оюутнуудын хичээл зүтгэл байлаа. Их сургуулийн номын сан 24 цаг ажиллана, шөнийн хэдэн цагт ч орсон хичээлээ хийж суугаа оюутнуудаар дүүрэн. Шалгалтын үеэр суудлаа эртхэн захиалахгүй бол гоё суудлууд нь дуусчихдаг байсан. Солонгос яагаад ийм богино хугацаанд хөгжингүй орон болж чадсаныг би оюутан, профессоруудынхаа хичээл зүтгэлээс ойлгосон. Би ч тэдний дунд шөнө болтол номын санд сууж, шалгалтын өмнө шөнө дунд дэлгүүрээс рамён авч иднэ. Багийн төсөл дээр найзуудтайгаа маргаж, эвлэрнэ. Анх удаа ганцаараа мөнгөө зохицуулж, хоолоо хийж, өвдөхөөрөө өөрөө эмнэлэг рүү явна. Насанд хүрмэгц ямар амьдрал намайг угтдагийг би төрсөн гэрээсээ алсхан, ээж аавынхаа нөмөргүй тэр л газраас анх сурсан. Солонгосчууд "гухянг" гэдэг үгийг их хэрэглэдэг. Төрсөн нутаг гэсэн утгатай. Ургацын баяр болмогц хүн бүр өөрсдийн гухянг руугаа зүглэж, зам түгжирч, дотуур байр хоосорно. Найзуудын маань гухянг хоёрхон цагийн зайтай. Харин минийх онгоцоор дөрвөн цаг гаруй, тасалбар нь оюутны төсөвт багтахааргүй үнэтэй. Тиймээс өөр хотод сурдаг монгол найзуудаа дуудаж хамтдаа аялах тэр л агшинд гүйгээд ч очиж чадахгүй эх нутаг маань өөрөө над дээр ирчихсэн юм шиг санагддаг байлаа. Одоо би дахиад ачаагаа базааж байна. Шинэ улс, шинэ ажил, шинэ буудал. Хүмүүст хэлэхээр л "Дахиад явах юм уу?" гэцгээнэ. Тэр асуултын цаана үл ялиг зэмлэл нуугддагийг би анзаарна. Үнэнийг хэлэхэд надад ч хааяа гэм хийсэн мэт санагдах үе бий. Сургуулиа дөнгөж төгсөөд төрөлх нутагтаа эргэж ирсэн атлаа гэрийнхнийгээ дахин орхиод явж байгаа юм шиг. Сүүлийн жилүүдэд "Залуучууд бүгд гадагшаа явчихлаа", "Монголд хэн үлдэх юм бэ" гэх яриа улам олширч байна. Энэ санаа зовинолыг ойлгож мэдэрдэг ч нүүнэ гэдэг нь буцаж ирэхгүй гэсэн ойлголт биш юм. Нүүдэлчид бэлчээр сэлгэхийн тулд нүүдэг. Нэг газар удаан буувал бэлчээр доройтож, мал турна. Тиймээс тэд шинэ бэлчээрийн эрэлд гарна. Мал нь тарга тэвээрэг авна. Тэгээд тэд эргэж ирнэ. Нүүдэл бол нутгаа орхиж буйн нэр биш, амьдралыг тэтгэх ухаан. Залуучуудын нүүдэл ч үүнтэй нэгэн адил гэж би боддог. Даяарчлагдаж буй энэ цаг үед зөвхөн Монголдоо л сайн боловсон хүчин байх хангалтгүй болжээ. Монголын төдийгүй дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр үнэлэгдэх мэргэжилтэн болохын тулд заримдаа шинэ “бэлчээр”-т гарах хэрэгтэй. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” гэж их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдаг нь ийм л учиртай. Нүүдэлчин айл нүүхдээ тулга, тоонодоо онцгой хүндэтгэлтэй ханддаг. Учир нь тулга бол гал голомт, тооно бол тэнгэрт нээлттэй цонх. Бидний хувьд тэрхүү гал голомт бол хэл, соёл маань юм. Дөчин зургаан килограммд багтаагүй ч хаана ч очсон авч явдаг, жингүй мөртлөө хамгийн нандин ачаа. Англиар чөлөөтэй ярих, барууны соёлыг сонирхох нь буруу биш, шинэ “бэлчээр”-ийн хэлийг сурахгүйгээр шинэ “бэлчээр”-т амьдарч чадахгүй. Гэхдээ өвөлжөөнийхөө хэлийг мартсан нүүдэлчин зуд нүүрлэхэд гэрийн замаа олохгүй төөрдөг. Бид нүүхдээ гал голомтоо унтраалгүй авч явж, эргэж ирэхдээ дэлхийгээс сурсан бүхнээ тэр тулганы галд түлээ цучил болгон нэмдэг байгаасай гэж би хүсдэг. Нүүдэлчин бүр өвөлжөөгөө мэддэг. Зун хаана ч зусаж болно, намар хаана ч намаржиж болно. Харин өвөлжөө тогтмол. Жил бүр яг тэр нэг газар, тэр нэг хадны нөмөр, тэрхүү эгэлхэн агаад нөмөр нөөлөгтэй өвөлжөө рүүгээ эргэж ирдэг. Гэхдээ өвөлжөө бол хаашаа ч явах газаргүй болсон үед очдог газар биш. Айлууд жилийн турш өвөлжөөгөө бэлддэг. Хашаагаа засна, аргалаа хураана, өвсөө бэлтгэнэ. Тэгээд л зун, намрыг үдэж буянт мал, өрх гэрээ тээн эргэж ирдэг. Монгол бол хол нүүсэн залуу бүрийн өвөлжөө. Бид ч гэсэн мэдлэг, туршлага, ертөнцийг харах шинэ нүд гээд л нүүдэл бүрийнхээ арвин ургацыг хураагаад богц дүүрэн эргэж ирнэ. Ээж маань аян замд гарах үр хүүхдийнхээ аяны дөрөөг сүүгээр мялааж, “Сайн яваарай, зорьсондоо хүрээрэй” гэж ерөөхийн зэрэгцээ эргээд ирээрэй гэсэн найдвараа ч тэр цагаан сүүнд шингээдэг. Бид хаашаа ч нүүсэн бидний буурь нутаг усандаа тамгалагдан үлдэх бөгөөд дээр нь хэчнээн өвс ургасан ч тэр дугуй хээ эзнээ хүлээн хэзээ ч арилдаггүй. Тиймээс залуус бидний XXI зууны нүүдэл бол өвөг дээдсийнхээ нэгэн адил дараагийн бэлчээр рүүгээ шинийг эрэлхийлж байгаа нэгэн аялал юм. Монгол Улсынхаа бяцхан далбааг үүргэвчиндээ үүрээд эх нутгаа гэсэн эрхэм үнэт зүйлээ сэтгэлдээ тээсээр би бусдын нэгэн адил дараагийн нүүдэлдээ гарч явна. Нүүдэл бүр ерөөлтэй байг ээ.

Уралдааны хуудас

Бусад ялагчид

  1. 2-р байр

    @uyanga09

    Гэр хүртэл Эндээс гэр хүртэл мянган километр “Багш хотынхоо гэр лүү яваад ирсэн. Би багштай хамт аймаг орсон юм чинь. Тийм ээ, багш аа?” гэх гайхуулангүй асуулт. Хариултыг нь хүлээж ядан харихаа ч…

  2. 3-р байр

    @khuslengoo

    Ягаан өрөө Утас дуугарахад гадаа харанхуй байв. Дэлгэц дээр "Эмээ" гэсэн нэр гэрэлтэнэ. -Миний охин, браанзад хоолоо идсэн үү? Эмээ тэр улсын нэрийг хэзээ ч зөв хэлж үзээгүй. Би засахаа больсон…

  3. 4-р байр

    @sumiyatungalag

    # ЭХ ОРОН Нар үдлээд хэлбийсэн дэлгэр зуны нэгэн өдөр юмсан\. Тэрэгний зээрд морио намайг ухаан ороход л манайд байсан хуучин модон тэргэнд хөлөглөөд өвөө бид хоёр Агуйтын аман уснаас ус авдаг…

  4. 5-р байр

    @yanjka

    Миний нутаг Наран мандах нутаг нэрээр овоглосон байгалийн бахдам сайхан, хүний бахархам сайхан чанар, хурдны өлгий болсон Сүхбаатар аймгийн нэгэн сумын талд орших бор гэрт би хүн болж өссөн юм…

  5. 6-р байр

    @buyantsogtu

    Миний нутаг Цолмон өдөр буюу баасан гараг Аав баасан гарагийн орой хичээлээс тарахын алдад хонины буурал морио хөллөн хуучны том модон чаргаа чирэн ирж сургуулийн гаднаас эгч бид хоёрыг тосож аваад…

  6. 7-р байр

    @misheelnarandorj

    ДӨЧИН ГУРВАН ГЭР "Би амьдралынхаа турш дөчин гурван удаа бууриа сэлгэсэн атлаа нэг ч удаа нүүж үзээгүй." Ямар утгагүй үг вэ. Би түүний энэ үгийг өтөл насны мунхаг зөрүүдлэл, эсвэл он жилүүдийн уртад…

  7. 8-р байр

    @mara

    ИЛГЭЭМЖИНД БАГТСАН ЭХ НУТАГ Аав ээж хоёр минь Алтанбулагийн холбоонд хамтдаа ажилладаг байлаа. Социалист нийгмийн үед Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх хамгийн том сургуулиудын нэг болох…

  8. 9-р байр

    @enhmaa-05

    НУТГИЙН САЛХИНД ҮЛДСЭН ҮНСЭЛТ “Миний нутаг” сэдэвт уран зохиолын эсээ Хүний амьдрал нэгэн урт ном бол төрсөн нутаг нь түүний хамгийн эхний хуудас билээ. Тэр хуудсанд анхны алхмын мөр, хүүхэд насны…

  9. 10-р байр

    @munkhzaya0919

    Миний нутаг Хөх цэнхэр огторгуйн дундах нэгэн гараг буюу дэлхий. Дэлхий дээр орших нэгэн тив нь ази. Тэр ази гэх нэгэн тивийн чимээгүйхэн нэгэн оршихуй нь Монгол гэх улс. Энэ бол миний нутаг…