5-р байрЯлагчийн бичвэр

@yanjka

Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан “Миний нутаг” сэдэвт богино бичвэрийн уралдаан

5-р байрЗохиогч: @yanjka1,188 үг

Миний нутаг Наран мандах нутаг нэрээр овоглосон байгалийн бахдам сайхан, хүний бахархам сайхан чанар, хурдны өлгий болсон Сүхбаатар аймгийн нэгэн сумын талд орших бор гэрт би хүн болж өссөн юм. Тэнгэр нь газартаа ойрхон юм шиг харагддаг хэрнээ хараад хараад нүд хүрэмгүй уудам тал. Тэр талын энгэрт эмээ, өвөөгийн минь жижигхэн бор гэр дүнхийн оршдог байж билээ. Миний мэдэх хамгийн сайхан, жаргалтай дурсамжууд минь тэр гэрт, тэр нутагт өрнөдөг байжээ. Зүгээр л буцаад очмоор тийм л сайхан цаг мөчүүд. Хамгийн сайхан бөгөөд энгийн амьдралаар амьдарч өтөлсөн эмээ өвөөгийн минь гэр надад одоо бол диваажин мэт л санагддаг. Учир нь би тэнд дахин хүсээд ч очиж чадахгүй хэрнээ дандаа очихыг хүсдэг газар минь. Надад нутаг гэхээр ямар нэгэн газар төсөөлөгддөггүй хэрнээ хамгийн түрүүнд эмээгийн минь гандсан хөх дээлтэй, бууралтсан үстэй, саалийн сүүний дуслыг шингээсэн сааралтсан гутал өмссөн, араг савар нийлүүлэн алхаж явах эмээгийн минь төрх л нүдэнд минь харагддаг юм. Хамгийн сайхан бас дулаахан зун тэр нэгэн буурал үстэй эмгэн болон бор гэрийн буурин дээр өрнөжээ. Өглөө сэрэхэд эмээгийн цай самрах дүрийг харж сэрэхэд эмээ минь цай болчихлоо миний охин босч цайгаа уу гэж хэлнэ. Ширээн дээр хүн бүрт аяганд цайны будаа, өрөм, ээзгий, ааруул хийчихсэн олон аяга эгнэж байх дундаас арай томхон нэгэн ягаан аяганд эмээ минь надад бусдаас арай илүү өрөм будаа хийгээд тавьчихдаг. Өвөөг малаа эргэхээр мордоход би заавал дагаж явахыг хүснэ. Зарим өдөр дагуулаад явна. Урд нь суугаад явахад дэлхийн бүх зам бид хоёрын өмнө нээлттэй мэт санагддаг байлаа. Морь алхах бүрд өвөөгийн дээл хацар шүргэнэ. Би хойшоо налж, түшигтэй байгаагаа шалгачхаад, дахиад алсыг харна. — Өвөө, тэр уулын цаана юу байдаг юм? — Дахиад л тал газар бий дээ, миний охин. Би тэгэхэд тал нутаг дуусдаггүй юм байна гэж ойлгосон. Өвөөтэйгөө явбал тэр бүх газрыг үзэж амжина гэдэгтээ ч итгэдэг жижигхэн охин байлаа. Зун болгон очихдоо 14 хоноод буцах хугацаатай очдог байлаа. Хонох хугацаа дуусах дөхөхөөр эмээ аавруу ярьж 7 хоног, дахиад өөрөө ярьж 7 хоног, өвөө ярьж 7 хоног гэж гуйсаар байгаад бараг л зуны 3 сарыг хөдөө өнгөрөөдөг байлаа. Нас томрохын хэрээр хөдөө эмээ дээрээ очоод эрхэлхээс илүү эмээгээ амрааж нэг ч гэсэн ажил хийж сураад эмээдээ туслахыг хүсдэг болсон байв. Эмээ минь намайг очихоор их баярлана. Миний охин ирлээ гээд хүн болгонд яриад л томрох тусам ихэнх ажлаа хийгээд сурчихсан болохоор эмээг барагтаа л хөдөлгөхгүй өөрөө хийчихдэг болсон. Ингэж би зуныг зугаатай өнгөрөөдөг байлаа. Багадаа би том болохыг их хүсдэг байжээ. Өвөөг дагаад малдаа удаан бас хол явж чаддаг болохыг, эмээгийн өргөдөг саалийн хувинг ганцаараа өргөхийг, саалиндаа ганцаараа гарч үзэхийг яарсан. Том болохоор зуны өдрүүдээ арай өөрөөр тоолдгийг мэдээгүй. Хүүхэд насанд зун дуусах болоогүй байдаг бол том болсон хойно нутагтаа явах өдрөө тоолсоор очтол нэг мэдэхэд буцах өдөр болчихдог юм байна.

Өвөө заримдаа бухимдуу уцаартай болдог . Эмээ ч үргэлж инээж суудаггүй. Ажил давхцаж, мал саатаж, бороо орохгүй удвал гэрт хүртэл талын ган орж ирсэн мэт хэцүү өдрүүд тохиолдоно. Тэр үед хүртэл би дуугүй болчихдог байв. Гэвч орой нь эмээ өвөөгийн дээлийг дэргэд нь тавьж, өвөө эмээгийн гадаа мартсан зүйлийг оруулж ирнэ. Маргааш өглөө нь дахиад цайгаа хамт ууна. Одоо бол би тэр жижигхэн үйлдлүүдийг нь их боддог. Олон жил ханилна гэдэг нэгнийхээ сайхныг хайрлахаас гадна аашийг нь таньж, ядарсныг нь ялгаж, хэлсэн хатуу үгийн цаадах шаналлыг нь ойлгож сурахыг хэлдэг болов уу. Өвөө эмээд эрхэлдэг байсныг ч хожим ухаарсан. Хүнд хэлдэггүй гомдлоо эмээд хэлж, бусдад үзүүлдэггүй зөрүүд зангаа дэргэд нь гаргана. Эмээ үглэж суусан ч цайг нь холдуулдаггүй байлаа. Би тэр хоёр бурхны дунд хүн болж өсөхдөө хүнийг төгс байж гэмээнэ тэгж их хайрлуулдаг гэж бодож сураагүй. Алдаа гаргасан ч гэртээ харьж болдгийг, уйлсан нүүрээ нуухгүй очиж болдгийг тэднээсээ мэддэг болсон. Амьдралын минь тулгуур тэндээс эхэлжээ. Заримдаа бороо ороод зогсоход өвөө гадаа гараад эмээг дуудна. Тэнгэрийн хаяанд солонго татжээ. Эмээ үүдэнд очиж зогсоход би араас нь зүүгдсэн. Тэр хоёр минь шиврээ бороонд дэвтсэн хээр талаа чимээгүйхэн харж байдаг. Надад үзүүлэх гэж дуудсан байх гэж тэр үед бодсон. Одоо эргээд санахад өвөө сайхан зүйлсийг хараад хамгийн түрүүнд эмээтэй хуваалцмаар байдаг байсан байх. Одоо солонгын өнгө бүдгэрч. Харин гэрийн үүдэнд зэрэгцэн зогссон тэр хоёр хүний дүр сэтгэлээс огт гардаггүй.

Том болох тусам би нутгаа санахдаа юуг үгүйлж байгаагаа илүү сайн ойлгодог болсон. Талын үнэр, зуны тэнгэрээ санана. Тэгэхдээ тэр бүхний дунд намайг хүлээж байдаг амьдралыг бүр их санана. Эмээ өвөөд цай аягалж, өвөө надад суух зай гаргаж өгөхөд дэлхий дээрх миний байр тодорхой болчихдог. Би тэнд өөрийгөө тайлбарлах хэрэггүй. Хэр сайн яваагаа батлах ч шаардлагагүй. Хүрээд очиход минь л баярладаг хүмүүсийн дэргэд хүн сэтгэлээ амрааж чаддаг юм байна. Хэзээ нэгэн цагт эмээ өвөө хоёрынхоо туулсан амьдралыг бүтнээр нь ойлгохоор насанд хүрэх байх. Хэлээгүй уучлал, хуваалцсан зовлон, бие биедээ үлдээсэн залуу нас нь өдөр тутмын эгэл ярианых нь цаана хэчнээн их байдгийг одоо би зөвхөн гадарлана. Гэвч тэдний хамтдаа бүтээсэн хайранд нэгэн охины бүхэл бүтэн бага нас багтсан юм Миний нутагтаа хүрэх зам буурал хоёр бурхадынхаа дундуур гэртээ ордог замаас эхэлдэг юм. Арван хоёрдугаар ангиа төгсөх жил миний ирээдүйн том хүний амьдрал тун ойрхон ирчихсэн мэт санагдаж байлаа. Сургуулиа төгсөөд хаашаа сурах, ямар хүн болох тухай бодно. Ирээдүйг төсөөлөх бүрдээ эмээ өвөө хоёроо байгаа газарт нь хэвээр үлдээчихдэг байжээ. Би л хол явж, том болоод, эргэж ирж тэднийгээ баярлуулах ёстой байсан. Харин намайг ахлах сургуулиа төгсдөг тэр хавар эмээ холын хол явсан.Тэр үед би арван найман нас ч хүрээгүй байлаа. Сургуулиа төгсөх баяр, ирээдүйн тухай догдлолын дэргэд үгээр хэлэмгүй нэгэн уй гашуу чимээгүйхэн хүрээд ирчихсэн. Баяртай зүйл тохиолдоход хамгийн түрүүнд эмээдээ л хэлмээр болно. Тэгээд л байхгүйг нь дахин ойлгоно. Нутагт минь зун урьдын адил ирнэ. Бороо орж, агь үнэртэж, оройн нар өвсний толгойг алтадна. Миний тоглож өссөн газар ногоонд дарагдаж, хаа нэгтээ хурга майлна. Тэр бүх чимээ дэндүү танил болохоор эмээгийн дуу араас гарах гэж байгаа юм шиг, өвөө алсаас малаа туугаад хүрээд ирэх юм шиг санагдана. Би хэсэг хүлээнэ. Тэгээд салхи л өвсөн дундуур өнгөрөхийг сонсоно. Эмээ минь байхгүй байхад зун яаж эхлэх юм бэ гэж асуумаар санагдана. Би эмээгээ нас барсан хавар эмээ надаас явахдаа өөрийгөө бас нутагаа мөн зуныг минь хүртэл авч явсныг ойлгосон. Гэрийн минь буурин дээр бор гэр минь байхгүй энгийн нэгэн толгод л харагдаж байлаа. Энэ бор толгодын энгэрт дүнхийх гэр минь өвөө минь эмээ минь юу ч үл харагдана. Тиймээ тэгэхэд л би хагас өнчин хүн болсон гэдгээ ухаарсан. Учир нь эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд 4 өнчирдөг гэдэг шиг. Би 2 ачтангүйгээр, очих нутаггүйгээр хорвоог туулж байна. Одоо надаас “Чиний нутаг юу вэ?” гэж асуувал би хээр талд харагддаг бор гэрээ гэж хэлнэ. Тэнд би эмээгээ хамгийн их санаж, бас хамгийн ойрхон мэдэрдэг. Эмээгийн минь хайр надад хүнийг хүлээх, даарсныг нь анзаарах, аяганд нь халууныг нэмж өгөх дадал болон үлджээ. Нутагтаа очиход талын салхи урьдын адил хацар илбэнэ. Бороо орсны дараа агь үнэртэж, оройн нар гэрийн хаяанд тусна. Хүүхэд байхдаа тоглож суусан газраа харахад чулуугаар барьсан хот айл минь өвсөнд дарагджээ. Би тэр дунд жаахан охиноо, эмээгийнхээ дуунд босоод гэр рүүгээ гүйдэг байсан өөрийгөө хайх шиг болдог. Оройн талд гэрэл бүдгэрэхэд би буцахаасаа өмнө эргэж харна. Эмээ үүдэндээ, өвөө гэрийнхээ гадаа зогсоод үлдэж байсан олон зуныг санадаг юм. Тэр үед би гараа даллаад л явчихдаг байжээ. Одоо харин тэр эзгүй ч гэсэн хоосон талыг жаахан удаан хардаг болсон. Тэгээд дотроо аяархан: “Би дахиад ирнэ ээ” гэж хэлдэг.

Уралдааны хуудас

Бусад ялагчид

  1. 1-р байр

    @bayrmaxx

    Нүүдэл Өвөг дээдэс маань жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдрахдаа өрх гэрээ цаг хүрэхгүй хугацаанд буулган хурааж эмхэлчихдэг. Туургаа хуулж, униа салгаж, тооноо буулгаж, ханаа эвхэнэ. Бүгдийг…

  2. 2-р байр

    @uyanga09

    Гэр хүртэл Эндээс гэр хүртэл мянган километр “Багш хотынхоо гэр лүү яваад ирсэн. Би багштай хамт аймаг орсон юм чинь. Тийм ээ, багш аа?” гэх гайхуулангүй асуулт. Хариултыг нь хүлээж ядан харихаа ч…

  3. 3-р байр

    @khuslengoo

    Ягаан өрөө Утас дуугарахад гадаа харанхуй байв. Дэлгэц дээр "Эмээ" гэсэн нэр гэрэлтэнэ. -Миний охин, браанзад хоолоо идсэн үү? Эмээ тэр улсын нэрийг хэзээ ч зөв хэлж үзээгүй. Би засахаа больсон…

  4. 4-р байр

    @sumiyatungalag

    # ЭХ ОРОН Нар үдлээд хэлбийсэн дэлгэр зуны нэгэн өдөр юмсан\. Тэрэгний зээрд морио намайг ухаан ороход л манайд байсан хуучин модон тэргэнд хөлөглөөд өвөө бид хоёр Агуйтын аман уснаас ус авдаг…

  5. 6-р байр

    @buyantsogtu

    Миний нутаг Цолмон өдөр буюу баасан гараг Аав баасан гарагийн орой хичээлээс тарахын алдад хонины буурал морио хөллөн хуучны том модон чаргаа чирэн ирж сургуулийн гаднаас эгч бид хоёрыг тосож аваад…

  6. 7-р байр

    @misheelnarandorj

    ДӨЧИН ГУРВАН ГЭР "Би амьдралынхаа турш дөчин гурван удаа бууриа сэлгэсэн атлаа нэг ч удаа нүүж үзээгүй." Ямар утгагүй үг вэ. Би түүний энэ үгийг өтөл насны мунхаг зөрүүдлэл, эсвэл он жилүүдийн уртад…

  7. 8-р байр

    @mara

    ИЛГЭЭМЖИНД БАГТСАН ЭХ НУТАГ Аав ээж хоёр минь Алтанбулагийн холбоонд хамтдаа ажилладаг байлаа. Социалист нийгмийн үед Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх хамгийн том сургуулиудын нэг болох…

  8. 9-р байр

    @enhmaa-05

    НУТГИЙН САЛХИНД ҮЛДСЭН ҮНСЭЛТ “Миний нутаг” сэдэвт уран зохиолын эсээ Хүний амьдрал нэгэн урт ном бол төрсөн нутаг нь түүний хамгийн эхний хуудас билээ. Тэр хуудсанд анхны алхмын мөр, хүүхэд насны…

  9. 10-р байр

    @munkhzaya0919

    Миний нутаг Хөх цэнхэр огторгуйн дундах нэгэн гараг буюу дэлхий. Дэлхий дээр орших нэгэн тив нь ази. Тэр ази гэх нэгэн тивийн чимээгүйхэн нэгэн оршихуй нь Монгол гэх улс. Энэ бол миний нутаг…