6-р байрЗохиогч: @buyantsogtu1,199 үг
Миний нутаг
Цолмон өдөр буюу баасан гараг
Аав баасан гарагийн орой хичээлээс тарахын алдад хонины буурал морио хөллөн хуучны том модон чаргаа чирэн ирж сургуулийн гаднаас эгч бид хоёрыг тосож аваад Хүүшийн өвөлжөө зүг хөдөлнө. Сурагч насны минь хамгийн жаргалтай мөчүүдийн нэг. Эгч бидэн хоёр том чарганы голд тах тэхтийн дунд хучуулж аваад аавын зэхсэн чарга, морины хүчээр цаг хугацааг хурдасган нэвсийсэн их цасыг зүсэн довтолгох замдаа юунд ч юм хачин баясаж явна.
Аав тэр урдаас хоолой засан миний хүүхдүүд өнөөдөр юу сурав даа? Гэхэд бид ам уралдан хариулна. Би эгчээс өрсөн -Манай ангийн багш өнөөдөр “Миний нутаг” гэдэг шүлгийн тухай ярьсан. Тэгээд гэртээ ийм сэдэвт зохион бичлэг бичиж ирээрэй гэсэн гэвэл, аав -Хэнтий хангай Саяны… гээд уншиж гарав -Бид бие бие рүүгээ хэсэг харснаа учиргүй инээлдэж аав шүлэг мэддэг байсан юм уу? гэж шоолно. -Бид чинь яг нутагтаа байна шүү дээ хүү минь нутгийнхаа нуруу зоог дамжин жаргалтай аж төрж явна...
Цайран цавцайх алсын зүг халуун үгсээр жавар зүсэн шогшин цогиулсаар харуй бүрий болохын алдад гэртээ ирэв. Өвөлжөөний уулсын тогтоц үнэхээр соньхон, аварга том байшин адил. Жавар хургана гэж ер үгүй, тэр л уулын амыг зүглэн өгсөхөд ер ямар ч зовлон бие сэтгэлээс гээгдэн үлдэж хоцрох шиг санагддаг юм. Хүүшийн өвөлжөөний хөх бууц руу дөхөх тусам аргал, хүрний утаа сэтгэл зүрхийг тэврэн дулаацуулна. Энэ л үнэр надад анх ухаан орсон цагаас л миний үнэр шиг, ээжийн минь сэтгэлийн үнэр шиг дотно санагддаг. Одоо ч үнэртсээр, юуг ч юм зөөллөн, уясгаж, юунд ч юм соронзлон татсаар л. Эргэн тойрон цав цагаан, цас мөсөөр бүрхэгдсэн авч энэ хэсэгхэн буйд газарт л орчлонгийн хамаг од эрхсийн эрчим, энерги хуралдан цуглаад хэмжээлшгүй их дулааныг биесээсээ сацаргаж буйг мэдэрч, тэр элчинд нь бүлээцэн дотроо л алмайран гайхаж байлаа.
Өвлийн шөнийн тэнгэрийг харах шиг үзэсгэлэнтэй зүйл ховор. Өнгөт орчлонд өөр олон төрөлтөн чимээгүй аж төрж, бидэнтэй ярилцахыг хүсэхдээ гэрлээ цацарган гялбалзаж байгааг харахаар бидний дэлхийгээс ч бас ийм гэрэл сацарч өөр нэг оршиц бөмбөлөг дээрээс тэд ч бас бидний тухай ийн ярьж суугаа даа гэж эрхгүй бодогдоно. Тэнгэр ширтэж зогсох ааваас, -Энэ олон гарагуудын эзэд ч бас “Миний нутаг” гэж магтан дуулдаг байх даа? Гэвэл -Тэгэлгүй яах вэ, тэд ч бас нутгаа магтан дуулж, дурсан санаж, хайрлан хамгаалдаг. -Тэгвэл хязгааргүй олон бөмбөрцгүүд дотроос бидний суугаа энэ дэлхий “Миний нутаг” байх нь ээ -Тийм ээ, хүү минь, энэ бидний нутаг.
Шороон өдөр буюу бямба гараг
Манагар эртийн жавар хэдий тэсгим ч малдаа гарах л ёстой. Ноднин жилийн зуднаар өеөдөн зутарсаар үрэгдсэн хар бухын ширийг хөдөс болтол нь элдэж зөөлрүүлээд төлүүдэд нь нэмнээ болгон тохож байна. Амьдрал тэр чигээрээ эмнэн дэмнэх утгаар дүүрэн. Малын өтөг бууцыг цэвэрлэж, хөлдүү хүйдэс, хорголыг ялган саравчин хашаан дээр зулан талбина. Малын хашааны зузаалга, хойтон жилийн түлш энэ болно. Үхрийн нойтон баасаар хашааны хамхай самхай нүхийг чигжин битүүлнэ. Халуун дулаан хашаанаас ч хайрын илчийг мэдэрч болно. Олон малын хөлөөр талхигдсан хоргол, аргал нунтагран үйрч өтөг шороо болж, дагтаршин тогтсон нь хөр, хөрзөн болно. Өтөгшин нунтагшсан бор шорооны илчээр сүрэг тураг мал тэврүүлэн дулаацна. Хөр, хөрзнийг нь хавар эрт ховхлон авч хатаагаад хойд жилийн өвлийн жаврын аагийг дарах их илчийг үүцлэн авна даа.
Гадаах ажлын завсраар хааяа нэг амс хийж хоёр гараа үрж “ввү, ввү” гэж зөөлөн үлээнэ. Өөрөөсөө илч үүсгэн дулаацаж сурсан минь ч өвөлжөөнөөсөө сурсан чанар. Өвлийн эхэн сарын зэврүүхэн өдрүүд дунд хайрагдан их хотын урт гудмуудыг даган алхахад сэтгэлийнхээ аль нэг талаас эрхгүй жиндээд ирнэ. Ийм л үеүдэд дурсамжаа уудлан өнөөх их илч гэрэлтэй холбогдон дулаацаж эхэлдэг дээ. Нар бусад гарагуудыг сансрын тойрог замдаа тогтоон барьж байдаг шиг, дэлхий сарыг дулаан гараараа дэргэдээ хөтлөн аж төрдөг шиг.
Эргээд л нар бууж жилда болно. Хүүшийн өвөлжөөнд дүн өвөлдөө хоёр цаг хүрэхтэй үгүйтэй нар үзнэ. Тиймдээ л энэ бууцны эд эс бүхэн эрчим, энергиэ хадгалж, үүсгэж сурсан санагддаг юм. Дэнгийн гэрэлд амьдрал үргэлжилнэ. Хөвөнгийн эрвээхэй далавчаа ээн дулаацаж аваад хаа нэг тийш харанхуйг зүглэн нисэж одно. Хаа хүрч, ямархан нэгэн зүйлийг хүсэж түүнийхээ төлөө эрслэн зүтгэж явааг нь бодохоор сониучхан бахдал төрнө. Амралтын өдрөөр ирэх бүр аав улаан хавтастай үлгэрийн ном дэлгээд уншиж өгдөг юм. “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, гэргий Гоо маралын хамт тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний тэргүүн Бурхан халдун уулнаа нутаглаж Батцагаан хэмээх нэгэн хөвгүүнийг төрүүлэв.” хэмээн ёс юм шиг эхэлнэ. Тэр харин үлгэр биш Монголын нууц товчоон хэмээх хосгүй бүтээл байсныг хожим мэдсэн сэн. Нэгэн удаа Түүхэн хэл зүйн хичээл дээр МНТ-ны хэлний хичээл бэлдэж яваад “нутаг” гэдэг үгийг “нунтуг” гэсэн хэлбэртэй байгааг харуутаа алмайрч орхисон юм. Тэнд, “nu’un kö’üt manu nuntuq qarayu”-нуган хөвгүүд маань нунтаг харъюу гэж байсан. Утгачилбал, эрэгтэй хүүхдүүд нутаг ус, гал голомтоо сахина гэсэн санаа. Нутгийнхаа утга учрыг олчихсон хүн, баймгүй том нээлт хийсэн аятай хөөрч, аав, ээждээ сонин болгон ярих хачин сайхан мэдээтэй болоод хөл газар хүрэхгүй баярлан нутгийнхаа тухай удтал бодон суухад нунтаг шороо, өтөг бууцны халуун илч нь сэтгэл ээн бүлээцүүлж байлаа. Магадгүй тэд ч өөрсдийнх нь утга учрыг ганц удаа ч болов ойлгосонд баярлан эрчмээ цацаргасан биз ээ. Үнэн зүйлийн шид нь энэ. Үйрэн бутарч, эмтрэн нунтагралаа ч илч гэрэл нь сацран түгсээр л байдаг нь сайхан. Эртний монголчууд маань энэ л “нутаг” хэмээгчийн амин сүнс “нунтаг” шороо болохыг сайн мэддэг байжээ. Тийм учраас л нүүдэлчдийн анхны төрт улсын эзэн Модун Шаньюй “Газар бол улсын үндэс” хэмээн тунхаглаж, Зүүнгарын хаан Галдан бошигт “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн эрхэмлэн захиж үлдээсэн гэлтэй. Одоо ч жир нэгэн малчны хотонд, жижиг гэрийн хөх бууцанд нунтагран бутарсан бор шороо, нурахын сацуу нуугьж мөн чанараа гэрчилсээр байгаа. Хүрэл усан бөмбөрцгийн цээжин талд хэсэгхэн хөх шороо нунтагран нунтагарч, хүн зоныхоо заяаг илч гэрлээрээ ээж тэтгэсээр байгаа. Тоосны ширхэг адил бутарсан ахуй төрөлтний агудам цэнхэр огторгуйн алга дарам цаг хугацааны хонхорхойд бидний хөөрхөн дэлхий эргэлдэн эргэлдсээр өөртэйгөө ижил төстэй хийгээд огт ондоо тоосны олон хэлтэрхийг олж нийлэх гэж эмтэрсээр, нунтаграсаар бас эвлэн бүтсээр, цуглан нийлсээр илч гэрлээ үүтгэн зөвхөн бидний л төлөө зогсолтгүй зүтгэсээр байгаа. Бидний хөөрхөн дэлхий, бидний хөөрхөн ертөнц. Энэ бидний нутаг. Бид бүгдээрээ нутгаа санадаггүй юм биш, санан санасаар, санаж буй сэтгэл нь нунтаграчихдаг учраас л тэр юм. Хөрний хөх дөл цогшин цогшсоор шороон өдрийн бүлээн бодлууд нунтагран бутарсан ч унгадан тэсэж юуг ч юм хүлээсээр л байлаа…
Наран өдөр буюу ням гараг
Аав буурал морио эмээллэн том модон чаргаа тах, тэхтий, эсгийгээр зулж бүрээд сумын төв рүү явахаар зэхнэ. Энэ зуур ээж биднийг хувцаслан дулаалж, эсгий гутал, үзүүрсгэн дээл өмсгөж, нэхий дээл давхарлан нөмөргөөд үнэгний арьсан лоовууз бүчлэн хоёр хацар дээр дүүрэн үнсээд чарганд суулгалаа. Хотлон ирсэн мал хуй биднийг сонжин харцгаах агаад нэг хэсэг нь битүү хашаа руугаа жавраа сэгсрэн үлдээгээд явж орох бол зарим номхон дөлгөөн нь хөсгийн зүг дөхөж ирээд харцаараа идэх зүйл нэхэн чарга шүргээнэ. Хөдлөхийн урд ээж нар зөв тойруулан сүү өргөж чарганы хөл, морины эмээлийн дөрөөг мялаагаад араас зөөлнөөр даллан хоцорно. Эрдэм сурахаар их хүсэл өвөртлөн довтолгож буй маань энэ. Эцгийнхээ гаргасан зүг, замыг дагаад зах нь үл харагдан цавцайх алс руу уусан орно. Цас зүсэх чарганы дуун, цаанаа л нэг намуухан тэр чимээ, цас хаялах бүр хөл дороос сонсогдож цааш улам хол явах ёстойг сануулна. Нутгийнхаа тухай цээж дүүрэн бодолтой, цүнх дүүрэн дурсамжтай, нуугьсан дулаан элч ар, өврөөс төөнөсөөр л, өтөг бууц, өвөг дээдсийнхээ хөх шороонд хоргодон сэтгэл нурж нунтагран байсан ч юуг ч юм туулаад гарах их итгэл найдвар минь эрмэгшин цогшсоор л байлаа...
