10-р байрЗохиогч: @munkhzaya09191,197 үг
Миний нутаг Хөх цэнхэр огторгуйн дундах нэгэн гараг буюу дэлхий. Дэлхий дээр орших нэгэн тив нь ази. Тэр ази гэх нэгэн тивийн чимээгүйхэн нэгэн оршихуй нь Монгол гэх улс. Энэ бол миний нутаг. Бахархалтайгаар хэлнэ энэ бол миний нутаг. Өөрийн нутаг дээрээ амьдарч байгаа хэрнэ “Би нутаггүй хүн шүү дээ” хэмээн өөрийн нутгийг өрөөлийн мэт бусдад тоомжиргүйхэн хэлдэг байсан охины тухай өгүүльюү. Их хотын завгүй амьдрал намар цагт уйтгартайгаар өрнөж байлаа. Хэн хаашаа юу руу яараад байгаа нь мэдэгдэхгүй, яг л цагийн аясаар шарлаж хэзээ мөдгүй унах дөхсөн навчис шиг сандран гүйлдэнэ. Энэ их завгүй амьдралын нэгэн тойргийг гүйцэн ядан эргэлдэж буй нэгэн охиныг Дэлгэрэх гэнэ. Тэр бол хаврын эгшиглэн донгодох шувууд шиг эрч хүчтэй охин бөгөөд эдүгээ арван найман нас хүрч их сургуулийн алтан босгыг гишгэж нэгэн шинэ амьдралд хөл тавьж буй нь энэ юм. Хүний амьдрал гэдэг үргэлж соньхон ба байнга л нэгийг нээж нөгөөг сонжин өөрийгөө хөгжүүлэх танин мэдэх шаардлага гардаг нь жам юм. Дэлгэрэх хэдий эрч хүч дүүрэн бусадтай ярилцах дуртай боловч яриа эхлүүлэхдээ жаахан дулимаг нэгэн. Оюутан болоод төдий л найз нөхөдтэй болж чадсангүй. Бүгд л нутаг усныхантайгаа, нэг голынхонтойгоо эсвэл оюутны байранд цуг амьдардаг нөхөдтэйгөө хэлхэлдэн явна. Хичээлийн эхний өдрөөс нэг нэгэнтэйгээ нутаг усаа мэдэлцэхэд тэрээр ангидаа ганцаархнаа Улаанбаатар хотын уугуул охин байлаа. Нутаг нутгаараа эцэг өвгөд, элгэн саднаа мэдэлцэн зарим нь хамаатан саднаа ч олж байх нь тэр. Харин Дэлгэрэх ангийн хамгийн ард чимээгүйхэн яахаа мэдэхгүй бусдыг ажиглан сууна. Арван жилдээ тэрээр ийм чимээгүй нэгэн байсангүй. Үргэлж л найзуудтайгаа зовлон жаргалаа хуваалцан хэдэн цагийг хэдхэн секунд өнгөрсөн юм шиг л ярилцдаг байв. Ийм ч учраас Дэлгэрэхэд ингэж суух нь тун хэцүү байв. Өөрийгөө бусдад илэрхийлж, өөрөө л найз нөхөдтэй болох хэрэгтэй гэж бодсон боловч нэг л эвлэж өгөхгүй байх нь тэр ээ. Ингэж явсаар бүтэн улирлыг ардаа үдэв. Тэр энэ байдалдаа бүрэн эвлэрчээ. Хавар цаг. Эгшиглэн донгодох хавар цаг. Дэлгэрэх охины дотоод ертөнцөд түр хугацаагаар хаалгаа түгжиж орхисон хавар цаг. Шинэ улирал “Ардын аман зохиол” гэх хичээлээр үүд хаалгаа нээлээ. Эхний хичээлээс эхлэн өөрийн нутаг усанд үе дамжин яригдах аман зохиолын төрөл зүйлийг цуглуулж бусдадаа ярих даалгавар оноов. Дэлгэрэх охиныг эхээс мэндлэхэд түүний авга, нагац талын өвөө, эмээ бурхан болчихсон байжээ. Оюутнууд бүгд л нутаг усаа танилцуулж эмээ, өвөөгийнхөө сургамжлан хэлдэг, сонин болгож ярьдаг үлгэр, домог, хууч яриаг ярилцана. Дэлгэрэх юу ярихаа мэдсэнгүй. Бүр толгойд нь юу ч орж ирсэнгүй. Өөрийгөө арчаагүй мэтээр мэдэрч байв. Даалгаварт үүнийгээ гүйцээж ирэх болов. Бүгд бие биенийхээ нутаг усыг сонжин асууна. Бат хэмээх намхан нуруутай, туранхай бор царайтай дүрлэгэр алаг нүдтэй, хөмсөг сормуус гэж жигтэйхэн арвин нэгэн хөвгүүн түүн дээр ирж, түүнийг ихэд сонжин: - За сайн уу? Хоёулаа өмнө нь хичээл үзэж байсан бил үү? Чамайг огт харж байгаагүй юм байна гэх нь тэр. Анх удаагаа түүнтэй түрүүлж яриа өдсөн нэгэн. Дэлгэрэх хамгийн сүүлд хичээл дээрээ хэнтэй ярьснаа ч мартаж. Тэрээр ихэд сандран түгдчиж: - Сайн, сайн уу? Би бас чамайг харж байгаагүй юм байна аа гэж аяархан хариулав. - Чи аль нутгийнх вэ? Гэж асуув. Энэ асуулт Дэлгэрэхэд оюутан насны хүнд асуултуудын нэг. Дэлгэрэх: - Аан би Улаанбаатар хотын хүн. Чи аль нутаг вэ? гэхэд Батыг хариулж ч амжаагүй байтал нэгэн хөвгүүн Батыг хүзүүдэн Дэлгэрэх рүү том гэгч нь хараад “Юу чи хотынх юм уу? Арай манай найзыг хөдөөнийх гээд хамаг мөнгийг нь салгах гээд байгаа юм биш биз? Чам шиг нутаггүй амьтан манайхныг орк гэж дууддагийг эрх биш би мэднэ шүү” гээд найз руугаа томоо харж, өндөр дуугаар “Чи юутай ч болгоомжтой байж үзээрэй дээ. Өмнө жил манай нутагт ирээд наалинхайтаж явснаа фейсбүүк дээрээ хөдөөний орк гэж бичсэн охиныг мартуузай” гэх нь тэр. Олны дунд сайн муу хүн ч бий. Тэднийг хот хөдөөгийнх хэмээн ялгах нь нэг талаараа хэт өрөөсгөл юм. Дэлгэрэх бол тийм хүүхэд биш. Аав ээжийнхээ үгнээс огт гарахгүй. Бусдад хоёр нүүр гаргах нь бүү хэл, багахан өндөр дуугаар ярих эсвэл жаахан ширүүн харчихвал гомдоочихсон байх вий хэмээн өөрийгөө зовоодог ажээ. Бат Дэлгэрэх рүү гэмшингүй хараад “Манай найзыг уучлаарай. Ийм хүн биш шүү. Бид хоёр багаасаа л нэг голын хөвөөнд тоглож өссөн юм. Өмнө жил манай нутагт хотын нэг охин ирж амарсан юм. Тэр охин Дөлгөөнтэй их дотно байх ба тэд цаг үргэлж л хамт байдаг байлаа. Дөлгөөн ч түүнд сэтгэл татагдан сайн болоод хот буцсаных нь дараа арай гэж фейсбүүкийг нь олоод ортол аялж явсан зургуудаа оруулахдаа хөдөөний орк гэх утгатай юм биччихсэн байсан юм. Тэгээд л ингэж дэвэргээд байгаа юм. Чи гомдоогүй биз дээ” гэв. Дэлгэрэх хэдий хүндээр тусган авсан ч Дөлгөөний өмнөөс өөрийгөө бодож үзээд гоморхсон сэтгэлээ ардаа орхив бололтой үгүй гэнэ. Бат Дэлгэрэхтэй хамт дараагийн хичээлээ хийх хүсэлтэй байгаагаа хэлэхэд тэр зөвшөөрөв. Гэртээ харих зам даанч хол. Тэр автобусанд хамгийн арын суудалд суугаад аман зохиолын хичээл дээрээ юу бичихээ мэдэхгүй байв. Шал дэмий Батад хамт хичээл хийе гээд хэлчхэв үү хэмээн санаа зовно. Эцэг эх нь хотын завгүй амьдралын нэгэн шуурганд туугдан үүрээр гараад орой ирнэ. Хэдий аав ээжээсээ асуувал түүнд тусалж чадах байв гэвч аавынхаа хамгийн сүүлд хэзээ тэнэгэр байсныг мартсан бөгтгөр нуруу, ээжийнхээ үрчлээ нэмж юу юугүй унтахаар яаран анивхийлэх нүдийг хараад өрөвдөх нь тэр. Ингэж ядарч яваа ээж аавынхаа нуруун дээр ачаа нэмж, нэг өдрийнх нь нойроос хугаслахыг тэр хүссэнгүй. Бат түүнийг хамт хичээлээ хийхийг зөндөө ятгавч тэр нэгт өөрийгөө нутаггүй хэмээн бүрэн эвлэрч, хоёрт гэвэл нутаггүй хүн юугаа бичнэ хэмээн гансарч Батыг өөрийг нь анхаарахаа болиод даалгавраа ганцаар хийхийг сануулав. Нэг долоо хоног өнгөрлөө. Дахиад л аман зохиолын хичээл. Нэг нутгийн хүүхдүүд баг болсон байлаа. Дэлгэрэх орь ганцаараа. Арын суудал зөвхөн Дэлгэрэхийн л суудал мэт. Хүүхдүүд нутаг усныхаа уул толгод, гол усны зургийг харуулж гоёмсог үзүүлэн бэлтгэсэн байх ба түүнийг чимээгүйхэн үзэх Дэлгэрэх дотроо “Нутаг устай хүмүүс ч сайхан юм аа” хэмээн бодно. Түүнийг ингэж хэлэхэд Улаанбаатар хот гунигтайяа сонордож зэгэлхэн хүйтнээр салхилж байлаа. Дэлгэрэхийн нэрийг дуудахад түүний зүрх золтой л цээжнээсээ оволзон гараад ирчихсэнгүй. Багш нь даалгавраа хийсэн эсэхийг асуухад тэрээр гэмшингүйгээр санаа алдан юм дуугарсангүй ээ. “Аль нутгийн хүүхэд вэ?” гэж багш нь асуувал Дэлгэрэх юм дуугарсангүйд Батын найз Дөлгөөн ихэд инээвхийлэн “Багш аа. Наадах чинь даалгавраа хийж чадахгүй байх нь аргагүй ээ. Нутаггүй юм байна билээ” гэв. Багш Дөлгөөн рүү ширүүхэн гэгч нь харж “Би чамаас асуугаа юу?” гэв. Дөлгөөн айгаад юм дуугарсангүй. Дэлгэрэх ч юм дуугарсангүй дэмий л чичрэн зогсоно. Багшийн харц зөөлрөн “За хүүхдүүд ээ. Энэ дэлхийн хүн бүхэнд нутаг ус гэгч зүйл бий. Заавал дээл өмсөж, морь унаад хотоос бусад газрыг л нутаг гэдэг юм биш. Дэлгэрэх ээ чи хаана төрсөн бэ?” гэв. “Улаанбаатар” гэж намуухан дуугаар хариуллаа. Багш “Энэ чиний нутаг биш үү. Хүн болгон нутагтай. Угаасан ус, унасан газартай. Монгол гэх энэ сайхан оронд чинь Улаанбаатар хот нэгэн чимэг нь болдог биш үү” гэв. Анги аниргүйд автжээ. Сургуулийн цонхоор дүрлийн харагдах “Зайсан толгой”-г багш заан сурагчид руу хандан “Энэ толгойд хүртэл домог байдаг юм шүү” гээд дараагийн хичээл дээр бүх оюутанд хотод байдаг уул овоо болон хүрээ ардын дуу цуглуулах даалгавар өгөөд ангиас гарав. Өдий хүртэл өөрийгөө нутаггүй хэмээн бодсон өөртөө гэмшиж, тэр дундаа Улаанбаатар гэх бусдад үл таашаагдавч олон хүний шунан ирдэг нутгаа гомдоочихсон мэт санагдана. Оюутнуудын ихэнх нь Дэлгэрэх дээр ирж танилцахыг хүснэ. Бат Дөлгөөнийг дагуулан ирж уучлалт гуйлгав. Дөлгөөн ч өөрийгөө нутаг усыг нь доромжилсон наалинхай хотын охиноос ялгаагүй зан гаргасандаа гэмшин уучлал гуйв. Дэлгэрэх оюутан болсоор анх удаагаа их хотын гудмаар нуруу тэнэгэр, сэтгэл өөдрөг алхална. Ай их хотын хавар цаг аа гэж.
