2-р байрЗохиогч: @uyanga09803 үг
Гэр хүртэл Эндээс гэр хүртэл мянган километр “Багш хотынхоо гэр лүү яваад ирсэн. Би багштай хамт аймаг орсон юм чинь. Тийм ээ, багш аа?” гэх гайхуулангүй асуулт. Хариултыг нь хүлээж ядан харихаа ч мартсан тэд минь. “Багшийн гэр дугуй засварын хойно байдаг шүү дээ” гэж нүдээ бүлтийлгэн гайхшрах хүү. - Тийм ээ, багш нь хотод байдаг гэр ..., хот яваад ирсээн гэж асуултад нь ганц өгүүлбэрээр хариулав. Гайхсан, гайхуулсан хүүхдүүд минь хариултаа авлаа гэсэн мэт шуугилдсаар гарцгаав. Улаанбаатар бол миний төрсөн газар. Мөн өссөн нутаг минь. Уулын энгэрээс нар буухад өөд өөдөөсөө харсан олон цонхнууд ээлжлэн гэрэлтэнэ. “Одоо гарч байна аа. Ингэсгээд очлоо” гэх олон хүний ард хэзээ ирэх бол гэж хүлээж ядах бяцхан хүүхдүүд. Гэр нь ойр ч харих зам нь удаан мэт л санагдана. Хотын тэр олон цонхны цаана миний дууг сонсоод хаалгаа тайлах гэрийнхэн минь бий. Эндээс гэр хүртэл мянган километр Би анх нөхрөө дагаж Халиунд ирсэн юм. Оройн бүрийд машины цонхонд бодолд автсан царай минь тодорч, уулс цаагуураа бүдгэрч байлаа. Таних хүнгүй, таамаглах газаргүй хотоос ирсэн бага ангийн багш. Би чадах болов уу? гэсэн эргэлзэнгүй асуулт тавиад гэрийнх нь босгоор алхаж байснаа санадаг. Маргааш өглөө нь би сургууль руу явахдаа хашааны булан, байшингийн дээвэр бүрийг ажиглан явлаа. Ердөө гуравхан минут. “За энэ манай сумын сургууль” гэх нөхрийн дуугаар эгцэлж харвал сургуулийн цонхнууд өөдөөс нэгэн зэрэг гялсхийж, би сая л нэг хөлөө хурдлуулсан санагдана. Түүнээс хойш тэр гуравхан минут л миний хамгийн урт бодлын зам болжээ. Хоёрхон сар багшлаад л шантрав. Аав ээж минь ч “Гэртээ хүрээд ир, миний охин” гэж эргэлзээ үүсгэнэ. Арга ч үгүй. Өөрсдөө ч очиж үзээгүй, таних хүнгүй газар охиноо явуулсан хүмүүс. Миний гэр энд биш тэнд байгаа шүү дээ гэсэн тэнэгхэн бодлоос ажлаа хүлээлгэн гэртээ харьсан сан. “Халиунд ямар байв?” гэж гэрийнхэн асуухад сургуульдаа хэд алхаад л очдог тухайгаа, чацаргана хэрхэн түүдэг, хүмүүс нь бүгд мэндэлдэг тухай, “Маргааш уулзъя” гээд хариу хүлээн зогсдог хүүхдүүдийн тухай ярьсан санагдана. Хоёрхон сар болсон би аягатай цайгаа хөртөл хуучилжээ. Арван сарын дараа дахин сумдаа ирлээ. Хүмүүс нь яг л хэвэндээ, бүгд л багшаа гэнэ. Удалгүй Халиуны улирлуудыг ангийнхаа цонхоор ялгадаг боллоо. Хавар төл малаа ярьсан сурагчдын дуугаар анги дүүрнэ. Зун нар уулын цаагуур орсон ч Халиуны хоолойд гэрэл нь тогтоно. Намар сургуулийн үүдэнд шинэ гутлын ул шажигнаж, өвөл хүүхдүүд ороолтоо ч тайлж амжилтгүй “Багш аа” гэсээр орж ирнэ. Би хэнийх нь дуу болохыг толгой өргөхөөсөө ч өмнө таньдаг болсон байлаа. Эндээс тэнд хүртэл мянган километр Нэг орой гэрийнхэнтэйгээ дүрсээ харж ярихаар утсаа аяга налуулан тавилаа. Дэлгэцийн цаана аав ээжийн минь царай харагдаж байв. Би утсаа өөр лүүгээ харуулахын оронд цонх руу эргүүлээд сумынхаа оройг үзүүлнэ. “Манай энд харанхуй болсон байхад наана чинь нар ч жаргаагүй байгаа юм уу?” гэхэд би утсаа цонхны тавцан дээр хэсэг тогтоож барив. Манай сум гэж ярьдаг болжээ ... Нэгэн намар багшлаад би ээж болсон юм. Хүүгээ тэврээд суухдаа өмнө нь хичээл тармагц хүүхдүүдээ цонхоор хэрхэн хардаг байснаа санадаг байлаа. Хэн нь хашааны булангаар гүйж, хэн нь толгой гудайлган алхаж байгааг анзаардагсан. Харин одоо хүү минь хаалга торхийн онгойх чимээнээр тоглоомоо орхиод тэр зүг рүү хардаг болжээ. Улаанбаатар луу залгахдаа би утсаа хүүнийнхээ нүүрэнд ойртуулна. “Дахиад нэг харуулчих миний хүү” гэж утасны цаанаас гуйхад дэлгэц дээр жижигхэн гарынх нь таван хурууны мөр үлдэнэ. Ажилдаа орсон өглөө цүнхээ үүрээд хүүгийнхээ хөнжлийг нөмөргөв. Хаалгаа хаачхаад гудамжны булан хүртэл явахдаа гэрийнхээ цонх руу нэг удаа эргэж харлаа. Сургуулийн хаалгаар ороход нойтон алчуурын үнэр ханхалж, ангийн хаалганы цаана хүүхдүүдийн шуугиан сонсогдов. Би самбарт он сараа бичээд ширээнийхээ ард даалгавар шалгахаар суутал хажууд зогсон даалгавраа сарвайх хүү “Багш аа, та яагаад инээгээд байгаа юм бэ?” гэж асуув. Би инээмсэглэж байгаагаа тэр үед л мэдсэн. Өглөө гэрээс гарахдаа хүүгээ сэрэхэд дэргэд нь байхгүй нь гэж гэмшсээр явсансан. Харин хичээл тараад хаалгаар ороход хүүхэд минь өөдөөс хоёр гараа сунгаж, би цүнхээ ч тайлалгүй тэвэрч авлаа. Одоо би орой бүр гуравхан минут явдаг замаараа гэртээ харьдаг болжээ. Ажилдаа орсноос хойш гэрийнхэнтэйгээ ярих цаг ч өөр болжээ. Зарим орой би хоолоо хийж байхдаа залгана. Хотод хэн нэг нь хоолны ширээгээ хурааж, энд нөхөр маань хүүгийнхээ тоглоомыг хураана. Хүү минь тэр хооронд зуурсан гурилаар тоглох гэж зүтгэнэ. Гэрээс тэнд хүртэл мянган километр Гэр бүлийнхэнтэйгээ хот орж аав ээжийндээ очив. Өглөө болгон харж сэрдэг байсан хананы хуулганы өнгө өөрчлөгджээ. Зарим тавилга нь ч өөрчлөгдсөн байна. Үргэлж хажуугаар нь явдаг байсан өндөр хайсыг нураачихаж. Хот минь улам л их хүнтэй болсон мэт санагдаж дотор давчидна. Хурдхан гэртээ харья даа гэсэн үгийг амнаасаа унагах болжээ. Хотоос ирсэн оройноо би утсаа авч Улаанбаатар дахь гэрийнхэндээ “Гэртээ ирчихлээ” гэж бичээд илгээчихлээ. Хэсэг бодолхийснээ “Халиунд” гэж нэмж бичих гэтэл “Эртхэн амар даа” гэсэн хариу ирсэн байв. Би бичиж эхэлсэн үгээ арилгаад дээш харан түр амсхийж суулаа. Дөрөвхөн намар өнгөрсөн газар одоо миний гэр бас нутаг минь болжээ. Хаана төрсөн биш, хаана өссөн биш яг одоо хаана оршиж байгаа минь л миний гэр байх нь ... Эндээс гэр хүртэл мянган километр, гэрээс тэнд хүртэл бас төдий.
