7-р байрЯлагчийн бичвэр

@misheelnarandorj

Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан “Миний нутаг” сэдэвт богино бичвэрийн уралдаан

7-р байрЗохиогч: @misheelnarandorj1,196 үг

ДӨЧИН ГУРВАН ГЭР

"Би амьдралынхаа турш дөчин гурван удаа бууриа сэлгэсэн атлаа нэг ч удаа нүүж үзээгүй."

Ямар утгагүй үг вэ. Би түүний энэ үгийг өтөл насны мунхаг зөрүүдлэл, эсвэл он жилүүдийн уртад ээдэрч хоцорсон ой санамжийнх нь нэгэн гажил төдийхнөөр боддогсон. Эмээ ер нь хачин хүн байв. Үг нь мөс шиг хүйтэн, харц нь цахиур мэт хурц, ааш зан нь хад чулуу шиг хөшүүн. Хүний сэтгэлийг аргадан тойруулж хэлэхийн оронд үнэн үгийг нь иртэй хутга мэт шулуухан зоочихно. Харин инээмсэглэх үедээ үрчлээт нүүр нь хаврын нар үзсэн цас шиг зөөлөрч, нүднийх нь буланд үл мэдэг гэрэл гялсхийнэ. Би түүний энэ занг огтхон ч таашаадаггүй байлаа. Хүн болгон түүний хэлсэнд толгой дохиж, ам бүрээс нь асгарах сургаалийг үг дуугүй сонсох ёстой мэт. Тэр ч бүү хэл, өөрийнх нь бодлоос зөрсөн бүхэн залуу хүний мунхаглал, хот газрын хийрхэл, эсвэл хүмүүжилгүй зангийн илрэл болж хувирна. Ийм хүнтэй нэг гэрт удаан амьдрахыг бодохоос л яс хавталзана.

Тэр зун би арван зургаан нас хүрч, өөрийнхөө амьдралыг өөрөө мэдэх нас болсон хэмээн бардамнаж явлаа. Гадаадын их сургуульд сурах бодол минь өдөр ирэх тусам томорч, харин гэрийнхний тавьсан хүлээс улам чангарах шиг. Ширээн дээр гадаад хэлний сурах бичиг, их сургуулийн танилцуулга, тэтгэлгийн материал овоорч, ирээдүй минь хэдийнэ хил даван одсон мэт санагдана. Нэгэн орой аавын дуу тэр нам гүмийг хуга цохив.

— Эмээ чинь ганцаараа хэдэн малаа маллаж, насны бөгсөнд өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ зун чи нэг наадах юм аа болиод, очоод туслаач.

— Та хоёр миний ирээдүйг өөрсдийнхөө амьдрал шиг л жижигхэн байлгах гэж улайрах юм. Өөрсдөө хүссэн газраа хүрч чадаагүй болохоор намайг ч бас энэ хэдэн уулынхаа дунд хөгшрүүлэх гээ юу?

Аавын царай барайв.

— Чамайг өдий зэрэгтэй хүн болгохын тулд бид юугаа зориулаагүй гэж санана? Сургалтын төлбөр, байр, амьдрах зардал гээд бидэнд чамайг тийш нь явуулах мөнгө алга. Дандаа нэг болж бүтэхгүй юм ярина!

Тэр орой би дахин ам нээсэнгүй. Маргааш өглөө нь ээж миний хувцсыг чемоданд эвхэж, аав хотын зах хүртэл хүргэж өгөв. Хэн нь ч өчигдрийн яриаг сөхсөнгүй. Замд гараад удаагүй байтал хотын барилгууд ард бүдгэрч, уудам хөндийн дундаас уулсын бараа цэнхэрлэн тодров. Монголын тал нутаг гэдэг ийм л ажээ. Хүний нүд хүрэхгүй алсад тэнгэр газартайгаа нийлж, салхи нь үл үзэгдэх далай мэт өвсөн дээгүүр долгилон, ганц нэгэн адууны бараа тэр их уудамд амьдралын өчүүхэн цэг болон үзэгдэнэ. Эмээгийн гэрийн бараа үзэгдэхэд нар уулын цаагуур шурган орж, хөндийн дээгүүр оройн бүрий нөмөрч байлаа. Өрхнөөс нь суунаглах утаа салхинд туугдан замхарч, үүднийх нь дэргэд хөгшин нохой хэвтэнэ.

Эмээ гэрийнхээ үүдэнд зогсож байв.

— Замдаа гайгүй юу?

Аавын машин холдон одоход би энэ их уудамд үнэхээр ганцаараа үлдсэнээ сая л мэдэрсэн юм. Эхний өдрүүдэд би өглөөг хараан угтаж, үдшийг хот руу буцах өдрөө тоолон өнгөрөөв. Ус зөөж, аргал түүж, малын хойноос нь алхав. Эмээ харин намайг өрөвдөж, эрхлүүлсэнгүй. Буруу хийсэн ажлыг минь дуугүйхэн засаад, дахин хийлгэнэ. Түүний энэ дуугүй зан заримдаа зэмлэлээс ч илүү тэвчишгүй санагддаг байв. Нэгэн орой тэр намайг дагуулан гэрийнхээ арын толгод руу гарлаа. Нар жаргахын алдад талын өвс улаан туяанд норж, алсад бэлчсэн малын бараа газрын өнгөнд уусан харагдана.

— Энд бид нэг жил зуссан. Чиний ээжийг бага байхад—

— Тэгээд?

— … Би түүний заасан газрыг ажиглав. Өвсөн дундаас ялгарах зүйлгүй, хаана ч байж болох нэгэн энгэр. Тэнд амьдрал өнгөрсөн гэх ул мөр ч алга. Эмээ миний үл тоомсорлосон харцыг анзаарсан бололтой, өвөртөө хавчуулсан жижиг дэвтрээ гаргаж ирэв. Хуудаснууд нь шарлаж, булан нь элэгдсэн агаад зарим мөрийг нь баларсан бэхний сүүдрээс өөрөөр ялгахын аргагүй болжээ. Тэр дэвтрийг дэлгэхэд газрын нэрс, он жилүүд, улирлын тэмдэглэлүүд нэгэн жигд бус бичгээр хөвөрнө. «Анхны цас.» «Ган болсон зун.» «Охиний анхний алхалт.»

Би хуудсуудыг нэг бүрчлэн гүйлгэн харснаа дэвтрийг буцааж өгөв. Хүний амьдрал гэдэг хэдэн хуучин буурийн нэр, улирлын тэмдэглэлд багтчихдаг зүйл биш баймаар. Хорвоо ертөнц уужим, хүний өмнө нээгдэх зам хязгааргүй байхад тэр бүхнийг өнгөрсөн цагийн өчүүхэн дурсамжид хүлж орхих нь надад утгагүй санагдана.

— Та өрөвдөлтэй амьдралаа энд л өнгөрөөсөн. Тэгээд үүгээрээ бахархдаг хэрэг үү?

Эмээ дэвтрээ аажуухан хаав. Нүднийх нь харц урьдын адил хурц хэвээр боловч энэ удаа тэнд үл ялиг гомдол үзэгдсэн мэт санагдана.

— Хүн өөрийн туулсан амьдралаасаа ичих ёсгүй юм.

— Гэвч өөр амьдрал гэж бас байдаг юм! Өөр газар, өөр амьдрал. Та тэр бүхнийг үзээгүй байж эндхийн амьдралыг юутай ч зүйрлэшгүй мэт ярих юм.

— Үзээгүй зүйлээ үгүйсгэх хэрэггүй. Харин үзсэн бүхнээ чам шиг голох бүр ч хэрэггүй.

Түүний үг миний дотор олон хоног хуримтлагдсан дургүйцлийг нэгмөсөн хөдөлгөв.Миний мөрөөдөл, миний хүсэл, өөрийнх нь мэдэхгүй ертөнцөд тэмүүлэх тэр их шунал түүнд ердөө л залуу насны хийрхэл мэт харагддаг нь тэвчишгүй.

— Та миний амьдралыг мэдэхгүй. Би таны энэ хэдэн толгодын дунд насан туршдаа үлдэх албагүй!

— Хэн ч чамайг үлд гэж хүчлээгүй.

— Тэгвэл яагаад энэ нутгаа байнга ярьж, намайг ч бас энд хайртай байх ёстой мэт авирладаг юм бэ?

Эмээ над руу хэсэг ширтэв. Дараа нь дуу нь урьдынхаасаа хүйтэн болж:

— Чи өөрийнхөө төрсөн газрыг хүртэл голж байхад чамд юу үлдэх юм бэ? Эцэг эхийнхээ сэтгэлийг ч ойлгохгүй, өөрийнхөө хаанаас ирснийг ч мэдэхгүй. Чамд хорвоо бүхэлдээ өртэй мэт санагддаг байх даа.

Энэ үг миний сэтгэлд хүрч, би өөрийгөө барихаа болив. Өвөр дээр нь байсан дэвтрийг нь огцом шүүрэн авлаа.

— Та миний тухай юу ч мэдэхгүй!

Эмээ цочин өндийж, дэвтрээ буцаан авахыг оролдов. Би түүнийг өөрөөсөө түлхэн холдуулахад тэр хөл алдсан мэт болж, дараагийн агшинд газар унав. Дэвтэр гараас минь мултарч, шарласан хуудсууд салхинд хийсэв.

Тэр агшинд хорвоо ертөнц чимээгүй болсон мэт санагдав.

Би түүний дэргэд сөхрөн сууж, нэрийг нь дахин дахин дуудсан ч хариу сонссонгүй. Түрүүхэн л миний эсрэг үг сөрж, өөрийнхөөрөө зүтгэж байсан тэр хүн одоо миний өмнө хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Юу болсныг ухаарах мөчид миний доторх уур хилэн хаашаа ч юм алга болж, оронд нь урьд өмнө мэдэрч байгаагүй айдас нөмрөв. Би тусламж дуудсан боловч тэр орой эмээг аварч чадсангүй. Хожим эмчийн хэлсэн үгс, болсон явдлын тайлбар надад бүдэг бадаг л үлджээ.

Салхинд хийссэн хуудсуудыг би шөнөжин цуглуулав. Зарим нь гэрийн хаяанд, зарим нь хатсан өвсний завсар оржээ. Нэг бүрийг нь түүж, тоолж үзэхэд дөчин гурав байлаа. Хуудас бүрд нэг буурь, буурь бүрд нэгэн цаг үе, нэгэн амьдрал үлджээ. Тэнд хаврын анхны яргуй дэлгэрсэн, өвлийн цас хаалга дарсан, үр хүүхдийн инээд гэр дүүргэсэн, хагацлын өдөр нар жаргасан тухай бичсэн байв. Дөчин гурав дахь хуудсан дээр бусдаас ялгарах ганцхан мөр байлаа.

«Энд анх гэрээ барив. Эндээс амьдрал минь эхэлж, эцэст нь эндээ дуусна.»

Би тэр мөрийг удаан ширтэв. Эмээ энэ газар анх айл гэр болж, үр хүүхдээ өсгөж, амьдралынхаа хамгийн жаргалтай, хамгийн хүнд өдрүүдийг туулжээ. Он жилүүд түүнийг нэг бууриас нөгөөд аваачсан ч тэр бүх газрыг сэтгэлдээ нэгэн нутаг болгон тээж явсан аж.

Салхи уулсын завсраар үлээж, гэрийн бүрээсийг үл мэдэг хөдөлгөнө. Өглөө болоход нар урьдын адил мандаж, мал урьдын адил бэлчинэ. Түүний амьдарсан газар, алхсан зам, дурсамжийг нь хадгалсан тэр өргөн талд юу ч өөрчлөгдөөгүй мэт атлаа миний хувьд бүх зүйл нэгэнт өөр.

“Би амьдралынхаа турш дөчин гурван удаа бууриа сэлгэсэн атлаа нэг ч удаа нүүж үзээгүй.”

Эмээ минь дөчин гурван удаа бууриа сэлгэсэн ч нутгаасаа хагацаагүй юм байна. Учир нь нутаг гэдэг уул усны нэр, газрын хилийг хэлдэггүй ажээ. Тэнд өнгөрүүлсэн он жил, хайрлаж хагацсан хүмүүс, мартагдсан мэт атлаа сэтгэлээс үл арилдаг дурсамж бүхэн нийлж нутгийг бүтээдэг. Эмээ минь дөчин гурван бууринд амьдралаа үлдээж, эцэст нь өөрөө ч тэр нутгийнхаа нэгэн хэсэг болсон. Хүн нутагтаа эзэн нь болдоггүй. Харин нутаг нь хүний амьдралд шингэж, эцэстээ хүн өөрөө нутгийнхаа нэгэн хэсэг болон үлддэг юм.

Уралдааны хуудас

Бусад ялагчид

  1. 1-р байр

    @bayrmaxx

    Нүүдэл Өвөг дээдэс маань жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдрахдаа өрх гэрээ цаг хүрэхгүй хугацаанд буулган хурааж эмхэлчихдэг. Туургаа хуулж, униа салгаж, тооноо буулгаж, ханаа эвхэнэ. Бүгдийг…

  2. 2-р байр

    @uyanga09

    Гэр хүртэл Эндээс гэр хүртэл мянган километр “Багш хотынхоо гэр лүү яваад ирсэн. Би багштай хамт аймаг орсон юм чинь. Тийм ээ, багш аа?” гэх гайхуулангүй асуулт. Хариултыг нь хүлээж ядан харихаа ч…

  3. 3-р байр

    @khuslengoo

    Ягаан өрөө Утас дуугарахад гадаа харанхуй байв. Дэлгэц дээр "Эмээ" гэсэн нэр гэрэлтэнэ. -Миний охин, браанзад хоолоо идсэн үү? Эмээ тэр улсын нэрийг хэзээ ч зөв хэлж үзээгүй. Би засахаа больсон…

  4. 4-р байр

    @sumiyatungalag

    # ЭХ ОРОН Нар үдлээд хэлбийсэн дэлгэр зуны нэгэн өдөр юмсан\. Тэрэгний зээрд морио намайг ухаан ороход л манайд байсан хуучин модон тэргэнд хөлөглөөд өвөө бид хоёр Агуйтын аман уснаас ус авдаг…

  5. 5-р байр

    @yanjka

    Миний нутаг Наран мандах нутаг нэрээр овоглосон байгалийн бахдам сайхан, хүний бахархам сайхан чанар, хурдны өлгий болсон Сүхбаатар аймгийн нэгэн сумын талд орших бор гэрт би хүн болж өссөн юм…

  6. 6-р байр

    @buyantsogtu

    Миний нутаг Цолмон өдөр буюу баасан гараг Аав баасан гарагийн орой хичээлээс тарахын алдад хонины буурал морио хөллөн хуучны том модон чаргаа чирэн ирж сургуулийн гаднаас эгч бид хоёрыг тосож аваад…

  7. 8-р байр

    @mara

    ИЛГЭЭМЖИНД БАГТСАН ЭХ НУТАГ Аав ээж хоёр минь Алтанбулагийн холбоонд хамтдаа ажилладаг байлаа. Социалист нийгмийн үед Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх хамгийн том сургуулиудын нэг болох…

  8. 9-р байр

    @enhmaa-05

    НУТГИЙН САЛХИНД ҮЛДСЭН ҮНСЭЛТ “Миний нутаг” сэдэвт уран зохиолын эсээ Хүний амьдрал нэгэн урт ном бол төрсөн нутаг нь түүний хамгийн эхний хуудас билээ. Тэр хуудсанд анхны алхмын мөр, хүүхэд насны…

  9. 10-р байр

    @munkhzaya0919

    Миний нутаг Хөх цэнхэр огторгуйн дундах нэгэн гараг буюу дэлхий. Дэлхий дээр орших нэгэн тив нь ази. Тэр ази гэх нэгэн тивийн чимээгүйхэн нэгэн оршихуй нь Монгол гэх улс. Энэ бол миний нутаг…