3-р байрЯлагчийн бичвэр

@khuslengoo

Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан “Миний нутаг” сэдэвт богино бичвэрийн уралдаан

3-р байрЗохиогч: @khuslengoo738 үг

Ягаан өрөө Утас дуугарахад гадаа харанхуй байв. Дэлгэц дээр "Эмээ" гэсэн нэр гэрэлтэнэ. -Миний охин, браанзад хоолоо идсэн үү? Эмээ тэр улсын нэрийг хэзээ ч зөв хэлж үзээгүй. Би засахаа больсон. Эмээгийн амнаас гарсан "браанз" гэдэг үг тэр алс, хүйтэн орныг хашааны цаадах хөрш айл шиг жижигхэн, дотно болгочихдог юм. -Идсэн… гэж худлаа хэлэв. Идсэн хүний хоолой тэгж сонсогддоггүй. Алганд багтам жижигхэн байсан намайг хүний дайтай болгосон тэрээр амнаас минь унах худал бүрийг андашгүй мэдэх нь гарцаагүй. Тэгээд хэсэг чимээгүй болов. Цаана нь галын шажигнах чимээ. Ханан пийшинтэй холбогдсон зуухны хаалга онгойж эмээ галаа ноцоож байгаа тэр дууг би нүд аниад ч мэднэ. Эмээгийн минь амьдардаг тэр байшингийн дээвэр ягаан, гурвалжин. Гаднах хана нь эмээгийн чанадаг сүүтэй цайны өнгөтэй, цагаан шаргал. Бага байхдаа нэг сөөм өсчихвөл толгой тулна даа гэж айдаг байсан тийм намхан таазтай. Байшин ч тэр айдсыг мэддэг юм шиг босго дээрээ намхан бөхийж угтана. Барьж эхлэхэд өвөө эмээ хоёр "чамд ягаан өрөө гаргана" гэж амласан. Гэвч байшин жижиг баригдаж өрөө гаргах зай үлдсэнгүй. Өвөө миний толгойг алгаараа илээд хэлсэн: -Энэ байшин бүхэлдээ чиний өрөө. Би итгэсэн. Хүүхэд ийм амлалтад хоёр дахин илүү итгэдэг.Өглөө бүр ханан пийшин хамгийн түрүүнд сэрж цагаан хана нь шөнийн хүйтнийг өөртөө шингээгээд, нар мандахад аажмаар халуун болгоод буцааж өгнө. Пийшингийн хажууд миний хичээлийн модон ширээ байдаг. Тэр ширээний ард өвөө сууж, миний хувцсыг дотуур хувцас, цамц, оймсны дарааллаар пийшингийн дулаанд ээж өгнө. Дараа нь үрчийлгэчихгүй юмсан гэсэн шиг зөөлөн хүрч үзээд: -Одоо өмс. Миний охин даарахгүй… гэж хэлээд уруулаа цорвойлгон духан дээр минь үнсэнэ. Шүлс үнэртүүлээд гэж уурладаг адайр ааштай намайг нүүрээ угаахаас өмнө үнсэж авюу л гэж боддог аятай хэд хэд үнсэхийг яана. Тэр цаана нь эмээ цай чанана. Сүүгээ шанагаар өргөж цутгахад уур өндийж, гэрийн тааз хүртэл хөвнө. -Хичээлд нь өлөн явуулахгүй… гэж эмээ хэн нэгэнд сануулж байгаа юм шиг хэлнэ. Тэр хоромд би хорвоог атгадаг байлаа. Намайг дулаацуулж буй хувцас, миний төлөө чанагдаж буй цай, цонхоор шалан дээр сунаж орох нарны туяа бүгд миний ширээний эргэн тойронд цугласан. Нар шалан дээр, сар цонхны хөвөөнд, уудам тал дээвэр дээр амарна. Хорвоо өөрөө өөрийн суудлаа олчихсон байв. Өвөө өнгөрсний дараа би эмээд хэлсэн: -Ханыг ягаан болгооч…гунигтай бас арай бүүдгэр болсон эмээгийхээ сэтгэлд өнгө оруулах гэсэн л санаа. Тэр нэг ч асуулт асуусангүй. Маргааш нь захаас будаг авч үүдний хэсгээс эхлэн дотор ханыг эхнээс нь будав. Цагаан ханан дээр ягаан нь хэт хурц гарав. Эмээ хэдэнтээ тойруулж хараад: -Өнгө ороод нээрээ л аятайхан болчихлоо шүү… гэв. Хөгшин хүнд бол хэтэрхий ягаан. Тэр өдөр өвөөгийн амлалт хэдэн жил хоцорч биелэв. Эмээ намайг жаахан хүүхэд аргадаж байгаа юм шиг эрхлүүлэх хэдий ч тэр үед би хэдийн дунд ангийн сурагч байсан. Өндөр минь бараг л эмээгийнхтэй тэнцүү ч бодол минь харин уулын дэргэдэх жижиг дов адил мэдрэгддэг байв. Тэр байшинд хорвоо алган дээр минь багтаж, харин би эмээгийнхээ алган дээр багтдаг юм. Миний нутаг тийм л уудам. Цагаан сараар байшин дүүрнэ. Нагац ах нар, үеэл дүү нар, хаалганы өмнө жагссан машинууд. Гутал овоорч, байшин нэг шөнийн дотор дөрөв дахин томорно. Гуравхан хоноод бүгд явна. "Эмээ, бид удахгүй дахин ирнэ" гэж хэлээд хайрцаг бэлэг аваад орхин одно. Тэр хайрцганд их юм багтаагүй ээ. Гэхдээ эмээгийн минь тэр жаахан цагаан сарын таваг олон хайрцгийг дүүргэж чаддаг нь л гайрширмаар санагддаг. Биднийг явах үед эмээ хаалганы дэргэд гараа даллаж, машины бараа алсрахыг хүлээн зогсоно. Жижигхэн буурал тэр минь бүр жижгэрч харагдах тэрхэн үе л хамгийн гүн өвдөлтийг мэдрүүлж өөрийн эрхгүй нулимс урсахад хүргэдэг. Бид бие биенээ "эмээг орхилоо" гэж буруутгана. Харин миний зүг хамгийн хол зайтайг эмээ бид хоёр л мэднэ. Хоёр цагийн бүс, нэг далай. Энд би дэлгүүр, шөнө дундын галт тэрэг, хотын хамгийн өндөр давхрын цонхтой байшинг авч чадна. Харин эмээгийн байшин дахь дэрний доор байдаг чихрийн дэлгүүр, тэнгэрт дүүлэм өндөр өвөөгийн нуруу, нар өнжин нүүдэллэдэг цэлгэр цагаан цонхны нэгийг нь ч олж чадахгүй. Өнгөрсөн өвөл би цайндаа сүү халуунаар хутгаж, давс хийж, хагас цагийн турш чанасан. Цай байсан. Тэр цай биш. Пааран дээр цамцаа тавьж, хоёр минут хүлээгээд өмсөв. Дулаан байв. Гэхдээ дулаан нь зөвхөн цамцанд, хэн нэгний гарт биш. -Миний охион… гэж эмээ утсанд хэлэв. -Браанзад хүйтэн үү? -Хүйтэн. -Дулаан хувцсаа өмсөж байгаарай. Даараад ханиад томуу хүрэв ээ. Хүний нутагт өвдөж л болохгүй. Тэр хэзээ ч "ир" гэж хэлдэггүй. Хэлбэл би тэр даруй явах байсан, тэр үүнийг мэднэ. -За… гэв. Эмээ: -Би цайгаа чанаж байна. Пийшингийн гал шажигнасаар. Би утсаа тавилгүй тэр хором, тэр чимээг зүрхэндээ бичих гэж чихэндээ ойртуулан барьсаар удаан суулаа. Тэндээс пийшингийн хаалга аяархан хаагдах чимээ сонсогдов. Тэгээд утас тасрав.

Уралдааны хуудас

Бусад ялагчид

  1. 1-р байр

    @bayrmaxx

    Нүүдэл Өвөг дээдэс маань жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдрахдаа өрх гэрээ цаг хүрэхгүй хугацаанд буулган хурааж эмхэлчихдэг. Туургаа хуулж, униа салгаж, тооноо буулгаж, ханаа эвхэнэ. Бүгдийг…

  2. 2-р байр

    @uyanga09

    Гэр хүртэл Эндээс гэр хүртэл мянган километр “Багш хотынхоо гэр лүү яваад ирсэн. Би багштай хамт аймаг орсон юм чинь. Тийм ээ, багш аа?” гэх гайхуулангүй асуулт. Хариултыг нь хүлээж ядан харихаа ч…

  3. 4-р байр

    @sumiyatungalag

    # ЭХ ОРОН Нар үдлээд хэлбийсэн дэлгэр зуны нэгэн өдөр юмсан\. Тэрэгний зээрд морио намайг ухаан ороход л манайд байсан хуучин модон тэргэнд хөлөглөөд өвөө бид хоёр Агуйтын аман уснаас ус авдаг…

  4. 5-р байр

    @yanjka

    Миний нутаг Наран мандах нутаг нэрээр овоглосон байгалийн бахдам сайхан, хүний бахархам сайхан чанар, хурдны өлгий болсон Сүхбаатар аймгийн нэгэн сумын талд орших бор гэрт би хүн болж өссөн юм…

  5. 6-р байр

    @buyantsogtu

    Миний нутаг Цолмон өдөр буюу баасан гараг Аав баасан гарагийн орой хичээлээс тарахын алдад хонины буурал морио хөллөн хуучны том модон чаргаа чирэн ирж сургуулийн гаднаас эгч бид хоёрыг тосож аваад…

  6. 7-р байр

    @misheelnarandorj

    ДӨЧИН ГУРВАН ГЭР "Би амьдралынхаа турш дөчин гурван удаа бууриа сэлгэсэн атлаа нэг ч удаа нүүж үзээгүй." Ямар утгагүй үг вэ. Би түүний энэ үгийг өтөл насны мунхаг зөрүүдлэл, эсвэл он жилүүдийн уртад…

  7. 8-р байр

    @mara

    ИЛГЭЭМЖИНД БАГТСАН ЭХ НУТАГ Аав ээж хоёр минь Алтанбулагийн холбоонд хамтдаа ажилладаг байлаа. Социалист нийгмийн үед Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх хамгийн том сургуулиудын нэг болох…

  8. 9-р байр

    @enhmaa-05

    НУТГИЙН САЛХИНД ҮЛДСЭН ҮНСЭЛТ “Миний нутаг” сэдэвт уран зохиолын эсээ Хүний амьдрал нэгэн урт ном бол төрсөн нутаг нь түүний хамгийн эхний хуудас билээ. Тэр хуудсанд анхны алхмын мөр, хүүхэд насны…

  9. 10-р байр

    @munkhzaya0919

    Миний нутаг Хөх цэнхэр огторгуйн дундах нэгэн гараг буюу дэлхий. Дэлхий дээр орших нэгэн тив нь ази. Тэр ази гэх нэгэн тивийн чимээгүйхэн нэгэн оршихуй нь Монгол гэх улс. Энэ бол миний нутаг…