9-р байрЯлагчийн бичвэр

@enhmaa-05

Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан “Миний нутаг” сэдэвт богино бичвэрийн уралдаан

9-р байрЗохиогч: @enhmaa-051,029 үг

НУТГИЙН САЛХИНД ҮЛДСЭН ҮНСЭЛТ “Миний нутаг” сэдэвт уран зохиолын эсээ

Хүний амьдрал нэгэн урт ном бол төрсөн нутаг нь түүний хамгийн эхний хуудас билээ. Тэр хуудсанд анхны алхмын мөр, хүүхэд насны инээд, ээж аавын энхрийлэл, мартагдашгүй дурсамж бүхэн шингэн үлддэг. Цаг хугацаа урсан өнгөрч, амьдралын олон хуудас эргэвч хүн хаанаас гаралтайгаа дотроо хадгалж явна. Зарим нутаг өөрийн төрсөн газар биш ч хайртай хүнийх нь дурсамжаар дамжин сэтгэлд хоногшдог. Миний хувьд тэр нутаг бол эмээгийн минь өссөн Өвөрхангай.

Бага байхад эмээгийн минь нутгийн тухай яриа холын үлгэр сонсох мэт санагддаг байлаа. Нутгийнхаа тухай ярих бүрд харц нь алсад тогтож, дуу хоолой нь зөөлөрнө. Уул усныхаа тухай эхэлсэн яриа нь аяндаа хүүхэд нас, ээж аав, хамтдаа өнгөрүүлсэн өдрүүд рүү хөтөлдөг байв. Заримдаа нутгаа зүүдэлснээ хэлж, тэнд очих юмсан хэмээн санаа алдана. Тэр үед нутгаа санахыг би танил газраа дахин харах хүсэл л гэж боддог байлаа. Харин хожим эмээ минь зөвхөн нутгаа бус, тэнд өнгөрүүлсэн амьдралаа санаж байдгийг ойлгосон юм.

Нэг өдөр эмээ минь надад: “Аав, ээж минь байхгүй болсон ч нутагтаа очиход тэдэнтэйгээ уулзаж байгаа юм шиг санагддаг. Нутгийнхаа салхинд зогсоход ээж, аавдаа үнсүүлж байгаа мэт мэдрэгддэг. Буцаж очиход нутаг минь намайг өлгийдөж авч байгаа юм шиг санагддаг” гэж хэлсэн юм.

Энэ үгийг сонсоод би хэсэг чимээгүй болсон. Хүн хэчнээн хол явсан ч сэтгэлийнхээ нэгээхэн хэсгийг үлдээсэн газраа мартдаггүй ажээ. Буцааж авчрах боломжгүй хүмүүс, эргүүлж болохгүй цаг хугацаа байдаг ч тэдний алхаж явсан жим, харж байсан уулс, амьсгалж байсан агаар нь үлддэг. Тэр нутгийн салхи эмээгийн минь эцэг эхийн хайр, хүүхэд насны дурсамжийг өнөөдөр ч тээж яваа мэт санагдсан юм.

Өмнө нь салхи гэдэг надад хацар илбэж, өвс ногоо найгуулан өнгөрөх байгалийн нэгэн үзэгдэл төдий байсан бол эмээгийнхээ хэлсэн үгийг сонссоноос хойш өөр утгатай болсон. Магадгүй нэгэн цагт ээжийнх нь хацрыг илбэж, аавынх нь дэргэдүүр сэвэлзэж байсан тэр л салхи өнөөдөр эмээг минь угтан авдаг байх.

Нэгэн намрын өдөр бид Өвөрхангайг зорилоо. Хотын шуугиан ард хоцорч, Арвайхээрийн зүг ойртох тусам газрын өнгө, тэнгэрийн хаяа хүртэл өөрчлөгдөх шиг санагдана. Хангайн нурууны сүрлэг уулсын өвөрт уудам хөндий, намхан толгод ээлжилж, Онгийн голын сав газрыг даган тал нутгийн амьдрал үргэлжилнэ. Энд газар тэнгэр хоёр алсад уулзах мэт харагдаж, хүний нүд хүрэхгүй тэр хаяанд уулсын бараа цэнхэртэн суунаглана.

Харин миний хажууд суух хүн энэ бүхнийг өөр нүдээр харж байв. Миний хувьд анх удаа үзэж буй уулс түүний хувьд хүүхэд насны танил дүр, миний хувьд энгийн нэгэн хөндий түүний хувьд амьдралынх нь мартагдашгүй өдрүүд өнгөрсөн газар байлаа. Тэр замын турш танил газруудаа зааж, багадаа хаана тоглодог, хаана нутагладаг байснаа ярьж өгнө. Би түүний яриаг сонсох тусам энэ нутгийн уулс, тал хөндий хүний амьдралын гэрч болон үлддэгийг мэдэрч байв..

Бид намхан давааны оройд түр зогсов. Машинаас буухад сэрүүхэн салхи нүүр өөд сэвэлзэж, талын өвс намрын өнгөндөө шаргалтан найгаж байлаа. Алсад хөхрөх уулсын орой үүлсийн сүүдэрт бүдгэрч, нарны туяа хөндийн дээгүүр зөөлөн асгарна.

Эмээ минь нэгэн уулын бэлийг заахаар гараа өргөснөө юу ч хэлэлгүй буулгав. Түрүүнээс хойш тасралтгүй хуучилж явсан хүн гэнэт дуугаа хураахад би ч асуух гэж байсан үгээ залгилаа.

Тэр нүдээ анин, салхинд хэсэг зогсов. Буурал үс нь салхинд зөөлөн хийсэж, үрчлээ суусан хацрыг нь намрын нарны бүдэг туяа илбэнэ. Би үсийг нь гараараа зөөлөн илж өгөхөд тэр над руу эргэн хараад инээмсэглэсэн юм. Гэвч тэр инээмсэглэлийн цаана нүдэнд нь нулимс гялтганаж байсан.

“Манайх тэр уулын наахна нутагладаг байсан юм” гэж тэр аяархан хэлэв. Заасан зүг рүү нь харахад өвсөн дунд бүдэгхэн татсан жим, алсад налайх уулын бэлээс өөр зүйл надад харагдсангүй. Харин түүний нүдэнд тэр газар хоосон байгаагүй биз ээ. Тэнд нэгэн цагт гэр нь байсан, хүүхэд нас нь инээд хөөрөөр дүүрэн өнгөрсөн. Магадгүй тэр мөчид эмээ минь сэтгэлээрээ олон жилийн тэртээх нэгэн өдөр рүү буцсан биз.

Бид хоёр дахин юу ч ярьсангүй. Зөвхөн талын салхи бидний дундуур сэвэлзэн өнгөрч, өвсний толгойг нэгэн хэмээр намируулна. Тэр агшинд би эмээгийнхээ хэлсэн “ээж, аавдаа үнсүүлж байгаа мэт” гэсэн үгийг анх удаа мэдэрсэн юм.

Магадгүй хүний сэтгэлд хамгийн гүн үлддэг үнсэлт уруул дээр бус, дурсамж дотор хадгалагддаг байх. Хайртай хүмүүс нь хорвоогоос явсан ч тэдний хайр шингэсэн газар, үнэр, салхи нь үлддэг.

Тэр мөчид би эмээгээ урьд өмнө харж байгаагүй өнцгөөс таньсан. Миний үргэлж дэргэдээ харж дассан, намайг хайрлаж халамжилдаг эмээ минь өөрөө ч нэгэн цагт ээж аавынхаа гараас хөтлүүлж, өвдгөө шалбалж, инээж тоглож явсан бяцхан охин байсан. Түүний амьдрал миний мэдэх үеэс хавьгүй өмнө эхэлсэн бөгөөд тэр он жилүүдийнх нь нэг хэсэг энэ нутагт, уулсын бэлд, салхинд найгах өвсний дунд үлдсэн байв.

Тэр аяллаас хойш Өвөрхангай миний хувьд зөвхөн аймгийн нэр байхаа больсон. Тэнд миний мэдэхгүй хүүхэд насны инээд, эргэж ирэхгүй болсон хүмүүсийн дурсамж, бас бид хоёрын хамт өнгөрүүлсэн нэгэн намрын өдөр үлджээ. Хайртай хүний минь сэтгэлд олон жил хадгалагдсан тэр нутаг ийнхүү миний сэтгэлд ч өөрийн гэсэн орон зайг эзэлсэн юм.

Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншихад Монгол орны уудам сайхан, уул нуруу, гол мөрөн, тал хөндийн дүр зураг сэтгэлд буудаг. Харин би энэ шүлгийг эмээгийнхээ дурсамжтай холбон бодох болсон. Яруу найрагч эх орныхоо гоо сайхныг үгээр мөнхөлсөн бол эмээ минь төрөлх нутгаа амьдралынхаа дурсамжаар хадгалж явна. Нэг нь эх орныхоо уудам сайхныг шүлэгтээ багтаасан бол нөгөө нь өөрийн амьдралын хамгийн нандин хэсгийг нутагтаа үлдээжээ. Энэ хоёрын уулзвар дээр миний хувьд “нутаг” гэх үгийн жинхэнэ утга тодорсон.

Эх орноо хайрлана гэдэг зөвхөн өндөр уулс, өргөн тал, цэнхэр тэнгэрээр нь бахархахын нэр биш. Харин тэр газар шороон дээр амьдарч байсан хүмүүсийн түүх, үеэс үед уламжлагдах дурсамжийг нь ч хайрлахын нэр юм. Үүнийг надад олон ном, судар, шүлэг бус төрөлх нутгаа санан дурсах эмээгийн минь хэдхэн үг ойлгуулсан билээ.

Одоо би нутгийн салхи гэхээр зөвхөн өвс найгахыг, уулсын оройг шүргэхийг төсөөлөхөө больсон. Тэр салхинд нэгэн цагт ээж аавдаа эрхэлж явсан бяцхан охины инээд, олон жилийн турш сэтгэлдээ тээсэн үгүйлэл, бас миний хэзээ ч мартахгүй тэр намрын өдөр хамт оршдог.

Би тэр нутагт төрөөгүй ч нэгэн хүний дурсамжаар дамжин тэндхийн салхинд үнсүүлж, уулсынх нь барааг сэтгэлдээ тээж явна. Нэгэн цагт ээж аавынхаа хайрыг мэдэрч зогссон тэр салхи өнөөдөр бид хоёрыг зэрэг илбэн өнгөрчээ. Магадгүй салхи гэдэг өнгөрсөн үеийг өнөөдөртэй уулзуулдаг байгалийн хамгийн чимээгүй хэл юм.

Тийм ээ, хүн бүрийн сэтгэлд нэгэн нутаг бий. Зарим нь тэнд төрдөг, зарим нь тийшээ буцаж очдог. Харин зарим нь хайртай хүнийхээ дурсамжаар дамжин тэнд анх удаа очдог. Миний хувьд Өвөрхангай бол тийм нутаг. Нутгийн салхинд үлдсэн тэр үнсэлт одоо миний сэтгэлд ч хадгалагдан үлджээ.

Уралдааны хуудас

Бусад ялагчид

  1. 1-р байр

    @bayrmaxx

    Нүүдэл Өвөг дээдэс маань жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдрахдаа өрх гэрээ цаг хүрэхгүй хугацаанд буулган хурааж эмхэлчихдэг. Туургаа хуулж, униа салгаж, тооноо буулгаж, ханаа эвхэнэ. Бүгдийг…

  2. 2-р байр

    @uyanga09

    Гэр хүртэл Эндээс гэр хүртэл мянган километр “Багш хотынхоо гэр лүү яваад ирсэн. Би багштай хамт аймаг орсон юм чинь. Тийм ээ, багш аа?” гэх гайхуулангүй асуулт. Хариултыг нь хүлээж ядан харихаа ч…

  3. 3-р байр

    @khuslengoo

    Ягаан өрөө Утас дуугарахад гадаа харанхуй байв. Дэлгэц дээр "Эмээ" гэсэн нэр гэрэлтэнэ. -Миний охин, браанзад хоолоо идсэн үү? Эмээ тэр улсын нэрийг хэзээ ч зөв хэлж үзээгүй. Би засахаа больсон…

  4. 4-р байр

    @sumiyatungalag

    # ЭХ ОРОН Нар үдлээд хэлбийсэн дэлгэр зуны нэгэн өдөр юмсан\. Тэрэгний зээрд морио намайг ухаан ороход л манайд байсан хуучин модон тэргэнд хөлөглөөд өвөө бид хоёр Агуйтын аман уснаас ус авдаг…

  5. 5-р байр

    @yanjka

    Миний нутаг Наран мандах нутаг нэрээр овоглосон байгалийн бахдам сайхан, хүний бахархам сайхан чанар, хурдны өлгий болсон Сүхбаатар аймгийн нэгэн сумын талд орших бор гэрт би хүн болж өссөн юм…

  6. 6-р байр

    @buyantsogtu

    Миний нутаг Цолмон өдөр буюу баасан гараг Аав баасан гарагийн орой хичээлээс тарахын алдад хонины буурал морио хөллөн хуучны том модон чаргаа чирэн ирж сургуулийн гаднаас эгч бид хоёрыг тосож аваад…

  7. 7-р байр

    @misheelnarandorj

    ДӨЧИН ГУРВАН ГЭР "Би амьдралынхаа турш дөчин гурван удаа бууриа сэлгэсэн атлаа нэг ч удаа нүүж үзээгүй." Ямар утгагүй үг вэ. Би түүний энэ үгийг өтөл насны мунхаг зөрүүдлэл, эсвэл он жилүүдийн уртад…

  8. 8-р байр

    @mara

    ИЛГЭЭМЖИНД БАГТСАН ЭХ НУТАГ Аав ээж хоёр минь Алтанбулагийн холбоонд хамтдаа ажилладаг байлаа. Социалист нийгмийн үед Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх хамгийн том сургуулиудын нэг болох…

  9. 10-р байр

    @munkhzaya0919

    Миний нутаг Хөх цэнхэр огторгуйн дундах нэгэн гараг буюу дэлхий. Дэлхий дээр орших нэгэн тив нь ази. Тэр ази гэх нэгэн тивийн чимээгүйхэн нэгэн оршихуй нь Монгол гэх улс. Энэ бол миний нутаг…