4-р байрЯлагчийн бичвэр

@sumiyatungalag

Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан “Миний нутаг” сэдэвт богино бичвэрийн уралдаан

4-р байрЗохиогч: @sumiyatungalag1,058 үг

# ЭХ ОРОН

Нар үдлээд хэлбийсэн дэлгэр зуны нэгэн өдөр юмсан\. Тэрэгний зээрд морио намайг ухаан ороход л манайд байсан хуучин модон тэргэнд хөлөглөөд өвөө бид хоёр Агуйтын аман уснаас ус авдаг байсан\. Худгийн хойд амны налуу замаас би их айдаг хүүхэд байсансан\. Би хөлд орсон тэр жижигхэн хөндий бол Төв аймгийн Баян сумын Агуйт гэдэг газар\.

Морин тэрэгнийхээ зүүн арал дээр суугаад тамхиа баагуулж явсан туранхай хар өвгөн миний өвөө юм\. Нутаг орондоо “Хар” гэж авгайлуулсан Гонгорын Төмөрочир гэдэг хүн байлаа\. Түүний ард, ачсан усныхаа хойно морин тэрэгнээс хөлөө унжуулан суусан бор хүү бол би\. Өвөөгийнхөө жаатай зээ хүү намайг Эрдэнэтогтохын Сумъяатунгалаг гэдэг\. Энэ голд манай гэр бүлээс авхуулаад бүх хүн намайг Улаанаа гэж дууддаг юм\. Би энэ нутагтаа төрсөн юм\. Удахгүй миний 31 насны төрсөн өдөр болох гэж байна\. Одоо ч нутагтаа эхнэр, хүүхэдтэйгээ амьдарч байна\.

Хүүхэд нас минь энэ хэдэн уулын голд, хүний нүдээр харахад сэтгэл баясгах юмгүй хоосон талд өнгөрсөн юм\. Хүүхэд байхдаа хөдөө талаа их голдог байлаа\. Төв газрын хүүхдүүд их гоё санагддаг байсан\. Миний хургаа хариулдаг толгодын дээгүүр онгоц дандаа хойш, урагшаа нисдэг байсан\. Битгий гэж дандаа өвөөдөө загнуулдаг хэрнээ яагаад ч юм амандаа цагаан дэрс зуугаад дээш харан хэвтэхдээ тэр онгоцнуудын алинд ч хамаагүй суугаад Улаанбаатар, аль эсвэл бүр өөр гадаад оронд очих юмсан гэж боддог байж билээ\. Хий бодолдоо автсаных юм уу, босоод баахан даллаж үзнэ\. Дотор нь байгаа хүн намайг харж байгаа болов уу гэсэндээ л байх\.

Бодол биеллээ олдог гэдэг шиг арван жилийн сургуулиа төгсөөд Солонгос улсад их сургуульд сурахаар мордлоо\. Онгоц өндрөө аваад урд зүгийг чиглэн эргээд нисэх үед би газраас нүдээ салгаж чадахгүй байлаа\. Яагаад ч юм нэг юм олж хармаар санагдаад өөрийн эрхгүй нүдээрээ юм эрээд байсан\. Хургатайгаа байгаа өөрийгөө хайгаагүй л байгаадаа гэж бодогдоод байдаг юм\.

Би гэдэг хүн Солонгос улсад очиж л юм үзэж, нүд тайлсан хүн дээ\. Гадаадын соёлтой оронд тэдний амьдралын хэв маягт тааруулах гэж биеэ их цэгнэдэг байсан юм байна лээ\. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үгийг тэдний өвөг дээдэс биш, бидний өвөг дээдэс хэлж үлдээсэн юм хойно яалтай билээ\. Ангийнхаа нэг Сингапур охины ярианаас миний “соёл” гэдэг үгийг ойлгох ойлголт, эх орноо үзэх үзэл минь тэр аяараа өөрчлөгдөж байсан юм\.

Гадаад хүүхдүүдийн соёлын өдөрлөг болдог юм\. Ганцаараа байсан Сингапур хүүхэд нэг их юм хийж бэлдээгүй ч уйдах завгүй, олон хүүхэдтэй ярилцаад олны дунд л байлаа\. Анзаараад байсан чинь хятадаар ч яриад, англиар ч яриад байх юм\. Тэгээд би сониучирхаад асуусан юм\.

— Чи хоёр хэлийг яаж ингэж сайн сурсан бэ?

Гэтэл тэр охин нэг их тоосон шинжгүй:

— Би сураагүй\. Манай Сингапур улс чинь нийгмийн хэл нь хятад, албан ёсны хэл нь англи шүү дээ\. Тэгээд л бид гэр бүлээсээ хятад хэл, сургууль дээрээ англи хэл сурчихдаг юм, — гэлээ\.

Би үнэндээ тэр хүүхдэд жаахан атаархах сэтгэл төрлөө\. Түүнийгээ ч нуулгүй хэлж орхилоо\.

— Чи их гоё юм аа\. Дэлхий дээрх хамгийн их хэрэглэгддэг хоёр хэлийг эх хэлээ гэж сурдаг\. Чиний өмнө дэлхий нээлттэй байдаг юм байна шүү дээ, — гэж хэллээ\.

Тэгтэл нөгөө охин жоохон инээмсэглэмээр аядсанаа:

— Тийм нь ч тийм л дээ\. Гэхдээ өнөөдөр соёлын өдөрлөг болж байна\. Хүмүүс намайг биш, чамайг их харж байгааг анзаарч байна уу? Чи өөрийн үндэсний хувцсаа өмсчихсөн, Монгол дуу сая дуулсныг чинь бүгдээрээ сонссон\. Энд хэн ч чамайг тэр залуу Монгол хүн байна гэж харж байгаа\. Харин намайг бол яг сайн мэдэхгүй байгаа\. Хятад ч юм уу, Малайз ч юм уу\. Манай улсын бүх иргэд тийм болчихсон\. Манай эмээгийн ярьж байснаар Сингапур хэл гэж байсан гэсэн\. Вьетнамын хувцастай төстэй ч өөрийн онцлогтой Сингапур хувцас ч байсан гэдэг\. Эмээгийн аялдаг нэг дууны аяыг би санадаг\. Үгийг нь мэдэхгүй\. Би чам шиг бие дааж, тусдаа оршиж чадахгүй, — гэдэг юм байна\.

Надад зориулж хийлгээгүй ч би өмсдөг нэг цэнхэр дээл байсан юм\. Аав маань Нарантуул зах дээр олон жил хоол зарсан болохоор өөрийнхөө сайн таньдаг нэг дүүгээсээ тал үнээр нь авч өгсөн орос хромыг тэр өдөр би өмссөн байлаа\. Ах маань урлагаар нэлээн хичээллэж, хөгжим тоглож, дуу дуулдаг байсан болохоор ахыг бэлдэж байхад нь хажуунаас нь сурсан “Дөрвөн настай халиун” гэдэг дууг тэр өдөр би дуулсан юм\.

Тэр хүүхдийн хэлсэн үгнээс би их юм ойлгож авсан\. Зөвхөн Монголынх гэж хэлж болох зүйлтэй байна гэдэг чинь хоцрогдол биш гэдгийг, өнгөлөг, шинэлэг байлаа гээд үнэ цэнэтэй биш гэдгийг, эмээ маань өглөө босож цайгаа чанаад дээжийг нь өргөдөг чинь мухар сүсэг биш, сонгодог үйл гэдгийг ойлгосон юм\.

Оюутан байхдаа үүрдэг байсан нэг мөртэй хар цүнхнээс би ер салдаггүй байсан\. Нэг мөрөнд доош нь дарж, төвөгтэй байсан ч надад тэр цүнхийг дандаа үүрэх нэг шалтгаан байсан юм\. Тэр цүнхийг үүрээд алхахаар төмөр хэсэг нь оосорныхоо даавуутай харшиж, сонин муухай хяхтнаж дуугардаг байсан\. Тэр чимээ яг манай хуучин морин тэргэнд ус ачаад явахаар тэрэг хяхтнаж дуугардаг чимээтэй адилхан сонсогддог байсан\. Тэр чимээ намайг ганцаардлаас хамгаалдаг байсан\.

Хүний нутагт үзэх, харах, олох, өвөрлөх юм ихтэй ч их ганцаарддаг юм билээ\. Хөдөө хоосон талд байхаасаа илүү олон хүнтэй хамт байж, илүү олон юмыг үзэж, харж, олох, бий болгохыг ч хамаагүй илүү хийж байгаа юм шиг боловч яагаад ч юм хоосроод л байгаа юм шиг хөндий оргиод байдаг юм байна лээ\. Учир нь минийх гэж хэлэх зүйлгүй газар л хүн тэгж их хоосордог гэдгийг одоо ухаж байгаа юм уу даа\.

“Хөгшин зээрд дээрээ өвөөтэйгөө сундлаад Гомбо гуайнхыг хэсэх шиг Хүйтэн өдөр хониноос ороод ирэхэд өөдөөс барих будаатай цай шиг Өвөөгөөр гулдаж эмээгийн авдраас чихэр идэх шиг тийм жаргал энд алга” гэж метронд явахдаа өөрийн эрхгүй шинэ үгийн дэвтэр дээрээ бичиж билээ\. Голоод байсан хоосон талаа голдоо ортол санаж байгаагаа тэгэхэд мэдсэн\. Тал дээр нь байгаа хөх чулууг нь аваад “Энэ минийх” гэж хэлж болох нутгийнхаа үнэ цэнийг тэгж л ухаарсан юм\.

Монголдоо 2021 оны 8 дугаар сарын 1\-ний өдөр долоон сартай охиноо тэврээд эхнэртэйгээ ирсэн\. Утаатай ч гэсэн минийх гэж болох Улаанбаатартаа нэг жил гүрийж үзээд 2022 оны 7 дугаар сарын 22\-ны өдөр Баян сумынхаа Гуяын хондод гэрээ бариад найраа хийсэн\. Би эх орондоо ирсэн\. Минийх гэж болох бүхэн дээрээ ирсэн\.

“Алив, наадхаа надад худалдчих” гэж хэлвэл хэд гэж хэлэхээ ч мэдэхгүй, тэгж чадахгүйдээ “Авмаар бол намайг алаад ав даа” гэж хэлэхээс өөр сонголтгүй оршихуй бол миний Баянгийн хөндий\.

Агуйт уулан дээрээ өвөөтэйгөө зогсож байхад эх орон гэж юу болохыг тэр жаахан үед минь өвөө минь хэлээд үлдээсэн байсанг сүүлд ойлгосон юм даа\. Багад өвөө минь нэг удаа:

“Миний хүү, энэ өргөн талыг хүссэнээрээ эзэгнэх нь чиний эрх, харин энэ хэвээр нь үлдээх чинь чиний үүрэг юм шүү, чи намайг үхэхээр ойлгоно доо гэж байж билээ

Уралдааны хуудас

Бусад ялагчид

  1. 1-р байр

    @bayrmaxx

    Нүүдэл Өвөг дээдэс маань жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдрахдаа өрх гэрээ цаг хүрэхгүй хугацаанд буулган хурааж эмхэлчихдэг. Туургаа хуулж, униа салгаж, тооноо буулгаж, ханаа эвхэнэ. Бүгдийг…

  2. 2-р байр

    @uyanga09

    Гэр хүртэл Эндээс гэр хүртэл мянган километр “Багш хотынхоо гэр лүү яваад ирсэн. Би багштай хамт аймаг орсон юм чинь. Тийм ээ, багш аа?” гэх гайхуулангүй асуулт. Хариултыг нь хүлээж ядан харихаа ч…

  3. 3-р байр

    @khuslengoo

    Ягаан өрөө Утас дуугарахад гадаа харанхуй байв. Дэлгэц дээр "Эмээ" гэсэн нэр гэрэлтэнэ. -Миний охин, браанзад хоолоо идсэн үү? Эмээ тэр улсын нэрийг хэзээ ч зөв хэлж үзээгүй. Би засахаа больсон…

  4. 5-р байр

    @yanjka

    Миний нутаг Наран мандах нутаг нэрээр овоглосон байгалийн бахдам сайхан, хүний бахархам сайхан чанар, хурдны өлгий болсон Сүхбаатар аймгийн нэгэн сумын талд орших бор гэрт би хүн болж өссөн юм…

  5. 6-р байр

    @buyantsogtu

    Миний нутаг Цолмон өдөр буюу баасан гараг Аав баасан гарагийн орой хичээлээс тарахын алдад хонины буурал морио хөллөн хуучны том модон чаргаа чирэн ирж сургуулийн гаднаас эгч бид хоёрыг тосож аваад…

  6. 7-р байр

    @misheelnarandorj

    ДӨЧИН ГУРВАН ГЭР "Би амьдралынхаа турш дөчин гурван удаа бууриа сэлгэсэн атлаа нэг ч удаа нүүж үзээгүй." Ямар утгагүй үг вэ. Би түүний энэ үгийг өтөл насны мунхаг зөрүүдлэл, эсвэл он жилүүдийн уртад…

  7. 8-р байр

    @mara

    ИЛГЭЭМЖИНД БАГТСАН ЭХ НУТАГ Аав ээж хоёр минь Алтанбулагийн холбоонд хамтдаа ажилладаг байлаа. Социалист нийгмийн үед Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх хамгийн том сургуулиудын нэг болох…

  8. 9-р байр

    @enhmaa-05

    НУТГИЙН САЛХИНД ҮЛДСЭН ҮНСЭЛТ “Миний нутаг” сэдэвт уран зохиолын эсээ Хүний амьдрал нэгэн урт ном бол төрсөн нутаг нь түүний хамгийн эхний хуудас билээ. Тэр хуудсанд анхны алхмын мөр, хүүхэд насны…

  9. 10-р байр

    @munkhzaya0919

    Миний нутаг Хөх цэнхэр огторгуйн дундах нэгэн гараг буюу дэлхий. Дэлхий дээр орших нэгэн тив нь ази. Тэр ази гэх нэгэн тивийн чимээгүйхэн нэгэн оршихуй нь Монгол гэх улс. Энэ бол миний нутаг…