8-р байрЗохиогч: @mara742 үг
ИЛГЭЭМЖИНД БАГТСАН ЭХ НУТАГ
Аав ээж хоёр минь Алтанбулагийн холбоонд хамтдаа ажилладаг байлаа. Социалист нийгмийн үед Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх хамгийн том сургуулиудын нэг болох Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техниккум алдартай сургуулиудын нэг байв. Зүг зүгээс ирсэн зүс зүсийн хүүхдүүд цугласан, сумынхаа хүн амаасаа илүү шахуу оюутнуудтай, ажил өрнөж, амьдрал буцалсан сум байлаа. Хаврын тариалалт, намрын ургацын үеэр холбооны салбар 24 цаг ч ажиллах нь энүүхэнд. Хамгийн сайхан, хамгийн хэцүү мэдээг хамгийн түрүүнд дуулгах хүндтэй, хариуцлагатай ажлыг ээж минь хүлээнэ. Ар гэрт нь гачигдал гарлаа гэхэд ая данг нь тааруулж хэлэхээс эхлээд зардал мөнгөн дээр нь цалингаасаа илүүчилж өгдөг байсан аав ээж хоёр минь өөрийн олон хүүхдээс гадна өрөөлийн олон хүүхдэд тус болж явсан сан. Холыг холбож, хоёрыг уулзуулдаг холбооны намхан жижигхэн байранд оюутнуудад хол ойрын аймгуудаас илгээмж их ирнэ. Харин тэр илгээмжийн нэр бичсэн хэсгийг нааш нь харуулж эмх цэгцтэй өрж тавих ажил надад ногдоно. Илгээмжийг эмхэлж өрж байхад тийм гэхийн аргагүй содон үнэр ханхийнэ. Тэр үед ар гэр нь ихэвчлэн өөхөн тосонд хайрсан өрөм амтагдсан боорцог, зуныхаа амралтаар эрхэлж тоглодог зүггүй хэдэн хонь ямааных нь сүүгээр хийсэн ааруул, цагаан идээ голдуу илгээнэ. Цагаан даавуугаар хайрцгийг нь битүү ороож, нэрийг нь дурайтал бичээд нямбайлан оёсон нандин илгээмжүүд. Хичээлээ тараад холбоогоор дайраад өөрийнхөө нэртэй илгээмжийг аваад инээд алдан гарах оюутнууд хүүхэд насны минь дурсамжинд мөнх оршдог. …Хүний нутагт сурч буй хүүдээ хэд хоногийн өмнө илгээмж явууллаа. Хаалганы цаадах амьдралд хөлөө олж сураг, эрх хүүхдээс эр хүн болж төлөвшиг гээд хэрэглээний мөнгийг нь тааруулж илгээдэг байв. Утасны мөнгөө өөрөө төлж, ариун цэврийн цаас дуусдагийг, оймсоо угаахад саван худалдаж авдгийг, ор дэрээ хурааж гардгийг, өрөөгөө цэвэрлэж сурч, өөртэйгээ ярилцаж хичээдгийг мэдэрч, ойлгож авсан өдрүүд үргэлжлэв. Аавгүй, ээжгүй, ахгүй, дүүгүй хүний нутагт орь ганцаараа байгаа хүү минь сүүлдээ хоолоо зохицуулж идэж, хувцсаа тохируулж өмсч, өлсвөл хэн ч туслахгүй, өвдвөл хэн ч ирэхгүйг мэдсэн, мэдэрсэн өдрүүдийн дараа хүүдээ шагнал болгон илгээмж илгээлээ. Хүүгийнхээ дуртай болгоныг нь хийлээ. Товчхондоо "Монголоо" илгээлээ. Хамгийн шимтэй мах, хамгийн аагтай цай, хамгийн амттай чихэр, хамгийн шүүслэг жимс, хамгийн дулаан оймс, хамгийн зөөлөн ноолууран цамц тэргүүтнийг хайраараа хачирлаж илгээлээ. Хүү минь хайрцагтай илгээмжээ аваад байр руугаа орох замдаа тэсэхгүй залгаж, "Ээж ээ ямар их юм явуулаа вэ, хүү нь бүр даадаггүй ээ" хэмээн инээнэ. Яг миний хүүхэд насны дурсамжинд минь мөнхөрсөн илгээмжээ аваад гардаг оюутнуудын инээмсэглэлийг хүүгээсээ олж харав. Арав гаруйхан кг ачаандаа биш эх орон, элгэн нутаг, аав ээжээ, ах дүү нараа санасан сэтгэлд нь илгээмж нь хүндэдсэн бололтой. Хүүд минь илгээмж ирсэн сургаар хамтдаа суралцаж буй найман монгол хүүхэд "найр" хийжээ. Тэд бүгд л эх орноо, гэр бүлээ, монгол хоолныхоо амтыг санасан байж. Санасан сэтгэлээ ширээ тойрч суугаад дэвтээжээ. Монголоос илгээмж очихоор хамтдаа иддэг, хуваалцдаг монгол хүний яс, цусанд шингэсэн энэхүү соёлыг бусад улсынхан нь ер ойлгодоггүй гэнэ. Чамд явуулсан юмыг яагаад хуваалцаад байдаг юм бэ гэж мөрөө хавчин гайхах нь энүүхэнд. Харин манай найман монгол нэг дороо бүгдийг идсэнгүй, энийг маргааш, тэрийг нөгөөдөр иднэ хэмээн хуваарилж, инээдээрээ хачирлаж "найрлажээ". Хүүгийн минь хүлээн авсан илгээмж найман монгол хүүхдийн сэтгэлийг нэг орой эх оронд нь аваачжээ. Хэдэн мянган бээрийн цаана, харийн хотын нэгэн жижигхэн өрөөнд монгол хүүхдүүд цуглан, монгол цайгаа ууж, монгол амттанаа хувааж идээд, нутаг ус, аав ээж, ах дүүгээ ярьж суужээ. Магадгүй тэдний дунд Алтайн өндөр уулсаа, Хангайн ногоон ой хөвчийнхөө хачин сайхан үнэрийг, Мэнэнгийн өргөн тал нутгийнхаа салхиа, Өмнийн говийн өрөм шиг шаргалтах элсээ, бүр Улаанбаатарынхаа утаа, түгжрэлийг хүртэл үгүйлэн санасан нэгэн байсан нь мэдээж. Аль нь ч байлаа тэр орой бүгд нэг л зүйлийг санаж бэтгэрч, самсаа шархиран үгүйлсэн нь Монгол орон байлаа. Эх нутаг гэдэг харах нүдэнд холоос харагдах уулс, хязгааргүй тал нутаг, цэнхэр тэнгэр, цэцэгт нуга, таана үнэртсэн талын салхи мэт. Гэвч ээжийн чанасан сүүтэй цай, гэрийн боорцог, ааруулын амт, аавын дуу хоолой, ээжийн захиас, ах дүүгийн инээдэнд ч эх орон оршдог. Алтанбулагийн холбооноос илгээмжээ тэврээд инээд алдан гардаг байсан оюутнуудын амьдрал өнөөдөр миний хүүгийн инээдээр үргэлжилж байна. Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөж, хүмүүсийн амьдрах орчин, харилцах арга хэлбэр өөр болсон ч эх хүний үрээ гэсэн сэтгэл, эх нутгаа гэсэн хүмүүний санагалзал огтхон ч өөрчлөгдсөнгүй. Хүү минь тэр илгээмжийг идэж дуусгана. Цай, боорцог, ааруул, амттан нь цаг хугацаатай уралдан дуусна. Харин хайрцагт багтаж очсон эх нутгийн үнэр, ээжийн хайр, аавын итгэл, ах дүү нарынх нь инээд хөөр сэтгэлд нь үүрд үлдэнэ гэдэгт би итгэдэг. Учир нь илгээмж гэдэг хайрцаг дүүрэн хүнс биш, хол байгаа үрийнхээ дэргэд эх нутгаа аваачиж өгч байгаа эцэг эхийн энэрэхүй, ээлт нарны тасархай юм. Эх орон гэдэг заримдаа хэдэн мянган бээрийн цаанаас ирсэн илгээмж хэмээх ид шидтэй ганцхан хайрцагт багтдаг ажээ.
