2-р байрЗохиогч: @oyunbat888 үг
Өвлийг бичихийг зорьсон өнөөдрийн тэмдэглэл Өвлийн тухай бичихээр нэгэн кофе шоп-д бодлогоширон сууна. Бичихүйн тухай нэлээн хэдэн ном уншиж, унших бүрт л “Бичээд л, бичээд л” өдөр бүр бичээд байх нь л хамгийн чухал гэдгийг нэгэнт ойлгох боловч бичихгүй өдрүүд үргэлжилсээр нэгэнт л 31 хүрсэн би өнөөдөр анх удаа яг өөрийн дотоод мэдрэмжийг, уудалж үзэхээр зориг гарган сууна. Яг бичих гээд л бодоод суухаар эхлээд нэг зохиол уншаад, дараа нь түүний талаарх судалгааг уншаад үргэлжлүүлэн гадаад хэл дээрх нийтлэл, тайлал зэргийг уншиж хайх эрэлд гарсаар бичих гээд байдаг ганц хүслэнт ажил минь л хамаг төгсгөлд нь замхран оддог нь оюутан ахуй наснаас өдийг хүртэл үргэлжилсээр л… Сүүлдээ ч би бичих авьяасгүй эсвэл чадваргүй хүн юм болов уу? Бичих гэдэг ганц үйлийг хийхийн тулд бодон бодон явсан ч уянгалаг сайхан үгс, урсаж надаас гарахгүйд шаналан магад “Би л биш бол бусад хэн нэгэн бичих бус уу?” энэ үйл надаар дутлаа юу? гэсэн эргэлзээ одоо ч намайг бүрхсээр л байна. Ингээд бичиж буй анхны эхлэл маань ийм гунигт үгсээр эхэлж буйд туйлын харамсаж байна… гэсэн ч хамаагүй дээ бичээд л үзье… Өнөөдөр 10 сарын 31-ны амралтын өдөр. Уг нь би өнөөдөр хүүхдүүдээ баярлуулан хамтдаа халуун какао уунгаа “Каролайн” үзэх төлөвлөгөөтэй байсан ч оронд нь “Бичээчийн хөгжих талбар” гэх бяцхан клубын уулзалтад зориг гарган ирсэн юм. Гэвч бас л зорилгодоо хүрэхийн оронд зохиол бүтээл ярин хөгжилдөх залуусыг харан “За би ч дэмий болов уу даа” гэж бодоод яг хажуугийн ширээнд нь халуун кофе аван сууж сэм тэдний яриаг чагнангаа хөтлөөгүй удсан хэдэн дэвтэртээ өөрийнхөө тухай бичин суулаа. Гэхдээ ийм гунигтайгаар биш шүү ихээхэн гэрэлтэйгээр арван сард хийж бүтээсэн зүйлсээ тэмдэглэн үлдээж бас ч үгүй өөрт амжилт мэт санагдсан хэдэн үйлдлээ тодруулагчаар тодруулан бичиж үлдээж чадлаа. Уг нь би энэ тэмдэглэл эхлэхэд бичиж буй гунигт нэгний дүрээр энэ нийгэмд амьдардаг хүн биш шүү итгээрэй. Зүгээр л дотор минь үргэлж хөдлөөд, намайг догдуулдаг зүйлийг хийж үзэх гэсэн хүсэлтэй л нэгэн. Өнөөдрийн залуусын эрч хүчит клубын уулзалтад зориг гарган: - Сайн байна уу? Намайг … гэдэг. Бичээчийн үйлд сонирхолтой. Та бүхэнтэй хамтран бичихээр ирлээ... гэсэн энэ хэдхэн өгүүлбэрийг хэлээд тэдний ширээнд, сандал нэмэн суусан бол одоо надаас ямар тэмдэглэл гарч та бүхэнд хүрч болох байсныг даанч мэдэшгүй нь… - Аан тийм бичээчийн клубын залуустай суух гэсэн боловч даанч сул сандал таараагүй нь мөн зориг гаргаж чадаагүй шалтгааны минь дийлэнх хувийг эзлэх юм шүү гэдгийг энд дурдах нь зөв болов уу? гэж санана. Уг нь би чинь өвлийг бичих гэж ихээ олон бодсон боловч үг минь хүрэхгүй гацчихвал яана аа? гэсэн айдас намайг бүрхэн зориг үл орно. Өвлийн тухай Японы эртний домогт нэгэн өгүүллэгийг уг нь уншсан юм. “Цасны эмэгтэй” энэ зохиолын талаар бичих юм шүү… гээд бэлдсэн боловч яг л өмнөх алдаа бүчин үг олдохгүй гацна… Харин одоо “Бичээчийн хөгжих талбар”-ын залуустай нэгдэн энэ зохиолыг ярих боломж гарсан бол ингэж ярих болов уу? гэснээ энд ахин нэг сийрүүлэн бичих гэж үзье... нэг ёсондоо болоогүй зүйлийг болсон мэтээр үйл явдлыг ухраан бодит мэт бичиж үзье... - Сайн байна уу? Намайг … гэдэг. Бичээчийн үйлд сонирхолтой. Та бүхэнтэй хамтран бичихээр ирлээ... Юун түрүүнд өнөөдөр та бүхэнтэй хамтран “Цасны эмэгтэй” гэх Японы эртний домогт богино өгүүллэгийн тухай ярилцъя: Хуй салхи исгэрсэн өвлийн шөнө модчин Мусашики гэх арван наймхан настай залуу гол гаталж үл чадахын эрхээр өвгөн модчинтой хамт голын хажуугийн завьчны овоохойд хонохоос өөр аргагүйд хүрнэ. Хөөрхий тэд өвлийн хүйтэнд даарч, сульдан унтах боловч залуу хүүг, салхинд савагдан нээгдэх хаалга гаднаас орж ирэх хүйтэн жавар нойрон дундаас нь сэрээх нь тэр... Залуу ч биеэ хумин хэвтэх боловч өвгөн модчины дээр цасан хуй эргэлдэн байхыг ажин хараваас эгээ л үзэсгэлэнт бүсгүй өвгөний дээрээс бөхийн буй харагдана. Гайхсан залуу, хий харсандаа хэмээн итгэж ядан эргэн харж хэвтэх авч үнэхээр л хуй салхит цасан эмэгтэй залуугийн дээр мөн ирж - Өнөөдөр харсан бүхнээ энэ насандаа хэнд ч бүү дурс эс бөгөөс амийг чинь авна шүү хэмээгээд жавар исгэрүүлэн овоохойн хаалгыг саван гадагш одно... хэмээн эхлэх энэхүү өгүүллэгт өвгөн модчины амийг авч одсон өнөөх цасан хуй залуу модчинд дурласандаа түүний амийг өршөөн хожмийн нэгэн өвлийн хүйтэнд залуутай ахин уулзан түүнтэй гэрлэн арван хүүхэдтэй болно... Нэг ёсондоо энэ домог бол бидний хэлдгээр чөтгөр, шулам эсвэл домгийн шидтэн хүн төрөлт залууд дурласан эмгэнэлт түүх юм... намайг ийн хэлэхэд клубын залуучууд... - Чи яаж үүнийг эмгэнэлт түүх гэж хэлж чадаж байна аа? гэвэл үргэлжлүүлэн би “Учир нь залуу Юки – Онна буюу Цасан эмэгтэйтэй гэрлэн арван хүүхдийн аав ээж болон аз жаргалтай амьдарч байхад амьдралын жаргалдаа умбан анх өгсөн амлалтаа мартан лааны гэрэлд хувцас нөхөн сууж буй үзэсгэлэнт эхнэртээ: - Чи огтоосоо ч хөгшрөхгүй өдийг хүртэл яг л анх уулзсан шигээ үзэсгэлэнтэй хэвээрээ байх нь сонин шүү... тээр нэгэн жил өвгөн модчины амийг авч одсон өнөөх цасан эмэгтэйтэй тунчиг адилхан гэдгийг би чамд өмнө нь хэлж бил үүз? Гэхтэй зэрэгцэн үзэсгэлэнт эхнэр нь үзээрийн муухай хоолойгоор хашгичин: - Чамд би тэр үед эс хэлээгүй билүү? Энэ оройн явдлыг насан туршдаа хэнд ч бүү хэл хэмээн... даанч яав даа чамайг хэн нэгэнд хэлвэл хэлсэн даруйд чинь хорооно гэдгээ ч би чамд амласан бус уу? Даанч хүүхдүүдээ бодоод үл чадна. Тиймээс үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлээрэй эс тэгвээс эргэж ирэн би чамайг алах болно.... хэмээн хэлээд цасан хуй болон исгэрэн алга болж буй учир энэ бол хайртай эмэгтэйгээ алдсан эмгэнэлт зохиол юм. Харин нөгөө талаас хүн гэж бодсон ч домогт “Цасны эмэгтэй”-тэй гэрлэсэн залуугийн түүх болохоор тэр” гээд ярилцсан бол клубын залуучуудаас ямар санаа гарч энэхүү тэмдэглэл маань ямар болж өөрчлөгдөх байсныг даанч би таашгүй нь...
