1-р байрЯлагчийн бичвэр

@orkhon

Бичихүйн уралдаан #2: Өвөл

1-р байрЗохиогч: @orkhon957 үг

“ДЭЛХИЙ ДЭЭРХ СҮҮЛЧИЙН ЦАС”

Мэдээ: “Дэлхий дээр дахиж цас орох уу?” 2038 оны 10 дугаар сарын 12.

Дэлхий даяар өвлийн улиралтай нийт 100 гаруй улс байдаг ажээ. Гэтэл сүүлийн 5 жилийн хугацаанд эдгээр улсад өвөл болсон хэдий ч огт цас ороогүй байна. Дэлхийн цаг уурын байгууллагын судлаачид уг үзэгдлийн шалтгааныг одоо хүртэл тайлбарлаж чадаагүй байгаа юм. Шинэ үеийн хүүхдүүд жинхэнэ цасыг зөвхөн зураг, бичлэгээс л харах боломжтой болжээ. "Цас үнэхээр байдаг байсан гэж үү?" гэх асуулт өнөөдөр гайхах зүйл биш болсон байна. Харин хөгшчүүл өөр асуулт асууж байлаа. “Хэрэв өнөөдөр цас орохгүй байгаа юм бол бидний багадаа хардаг байсан тэр цас юу байсан юм бэ?”...

2026 оны 10 дугаар 12, Эрдэнэт хот Өглөө гэрээсээ гарахад гадаа нэвсийтэл цас орж байлаа. Ертөнц бүхэлдээ өнгөө сольчихсон мэт зам талбай, модод, байшин барилга цөм шөнийн дотор цагаан дээлээ өмсчихжээ. Машин дээр төө хэртэй зузаан цас тогтсон байв. Өдий хэмжээний зузаан биш л бол, хүний сэтгэлийг хөдөлгөж дурсамжийг сэдрээхүйц будрахгүй л юм бол бараг цас гэж тооцогдохооргүй, үргэлж тийм л догдлом цас ордог газар бол Эрдэнэт билээ. Лавсан орох цас хүүхэд насыг минь нүдний өмнө авчрав. Багадаа сургууль руугаа алхаж явдаг байлаа. Одоогийх шиг өдөр бүр машинаар хүргэгдэх нь битгий хэл аав ээж ч хүргэж өгөх нь ховор байж дээ. Өвдгөөр татсан шинэхэн сэвсгэр цасан дундуур туучсаар сургуульдаа хүрэх тэр зам, багын найз Жаалаатайгаа урд уулан дээр ёстой нэг нусаан сугартал гулгадаг байсан өвлийн тэр өдрүүд, Цагаан сарын өмнө ахтайгаа хамт гэрийнхээ хивснүүдийг чарган дээр ачиж аваад цасан дээр аваачиж гөвдөг байсан тэр л он жилүүд. Хацар хайрсан жавартай өвлүүд ч үнэндээ сэтгэлд дулаахан дурсамж болон үлджээ.

Дөрөв хоногийн дараа, Улаанбаатар хот Их дэлгүүрийн урд талын Cafe bene рүү орж нэг аяга кофе, нэжгээд панини захиалав. Эргэж ширээндээ суугаад цонхоор хартал цас хэдийнээ малгайлан орж байх нь тэр. Өглөө галт тэрэгнээс буухад дөнгөж хялмаалах төдий орж байсан юм. Ширээгээ солиод зам руу харсан том цонхоор эгц харан суулаа. Том том ширхэгтэй цасан ширхгүүд агаарт хэсэг бүжиглэснээ газарт бууна. Дараагийнх нь ч мөн адил. Тэр хөдөлгөөнийг дагуулан ажихад амьсгал аажим удааширч, зүрхний цохилт хүртэл намжин их хотын чимээ хаа нэгтээ замхран холдох шиг санагдана. Эрдэнэтээс гараад гуч орчим өртөө дамжиж таван зуу орчим километр замыг туулан арав гаруй цагийн турш түчигнэсээр Улаанбаатарт хүрдэг билээ. Ухаан орсон цагаас хойш одоог хүртэл гуч гаран жил энэ хоёр хотын хооронд яг л энэ галт тэргээр хэдэн зуун удаа зорчжээ. Магадгүй одоо цагт дэлхий дээр байгаа хамгийн хуучны байж болох энэ галт тэргэнд суухад он цаг ухарч эрт дээр үед очсон мэт санагддаг юм. Харин дотор нь суугаад түг түг, түг түг хэмээн нэг газраас нөгөө рүү тэмүүлэн хэрэндээ л эрчийг аван хурдлан давхихад өнгөрсөн цагийн гэхээс илүүтэй ирээдүйн талаарх бодол зөгнөл эрхгүй төрнө. Эсвэл жижиг хотоос том хот руу бид үргэлж л ямар нэг чухал ажил хэрэг амжуулахаар зорин явдаг болоод ч тэр үү... Манай улс хэзээ нэгэн өдөр энэ замыг хоёрхон цагт туулдаг хурдны галт тэрэгтэй болох болов уу? Тэр цаг үеийг ер миний бие үзэх болов уу? гэсэн бодолд дарагдан байх зуур утсанд минь оройны нислэгийн сануулга мессэж ирэв. Дараагийн зогсоол маань таван зуу гаруй километрийн цаана байгаа ч би тэр газарт харин ганцхан цагийн дараа хүрэх байлаа.

2026 оны 10 дугаар 23, Өмнөговь аймаг, Ханбогд сум Яг одоо цас орж байна. Эгээ л Эрдэнэтэд Жаалаа найзтайгаа хамт идэж өссөн цас шиг, бас хэд хоногийн өмнө Улаанбаатарт кофе шопын цонхоор харсан зүрхний цохилт удаашруулдаг цас шиг, том том ширхэгтэйгээр будран орж байна. Хангайд орсон цас уулсыг нөмөрч, ой моддыг цагаан дээлээр хучна. Хойдод орсон цас урт өвлийн эзэн мэт газар дэлхийг даран сууна. Харин говьд орсон цас бол зочин. Өдөржин наранд төөнүүлж, салхинд элэгдсэн шаргал элсэн дээр анхны цагаан ширхэг буухад говь өөр ертөнц болон хувирна. Элсэн манхдын орой мөнгөн титэм өмсөж, аглаг уудам тал нь цагаан дэвсгэр адил намуухан хэвтэнэ. Тэр цас харин удаан тогтдоггүй. Нарны анхны бүлээхэн туяанд уусан алга болох ч гэлээ, ховорхон ирсэн зочин шиг хүмүүсийн сэтгэлд удаан үлддэг аж. Хамгийн үнэтэй зүйлс маань бидэнд амдралын мөнх бусыг сануулан хоромхон хугацаанд амьдралыг маань гэрэлтүүлээд буцдаг шиг. Ажлаа тараад орой гадаа гарахад борооны дараах чийг мэт үнэртэж байлаа. Өдөр орсон цас хэдийн хайлжээ. Багахан харамсах сэтгэл төрсөн ч говь нутагт ийм цас үзсэнээ дотроо би нандигнан үлдээлээ.

2038 оны өвөл, ...Нэг өдөр дэлхий дээр цас орохоо больжээ. Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт гэж тайлбарлав. Улстөрчид хуралдав. Сэтгүүлчид шуугилдав. Хүмүүс санаа зовов. Гэвч үнэн шалтгааныг нь хэн ч мэдсэнгүй. Тэр үед хүн төрөлхтөн бүх дурсамжаа хадгалж сурсан байлаа. Бүх хэлбэр дүрс үлдэнэ. Дуу хоолой болгон бичигдэнэ. Инээмсэглэл бүр архивлагдана. Өнгөрсөн бүхэн төгс хадгалагдан үлдэх болов. Хэн ч юу ч мартдаггүй болжээ. Тиймээс тэнгэрт буцааж илгээх дурсамж үлдсэнгүй.

Тэр нэгэн жилийн аравдугаар сард намайг даган орсон мэт санагдсан гурван өөр газрын цас хэдийнээ хайлж алга болсон. Гэвч би тэднийг мартаагүй. Эсвэл бүр эсрэгээрээ мартсан болохоороо эргээд санаж байгаа ч юм билүү. Учир нь дурсамж гэдэг зураг биш, видео бичлэг биш, файл биш. Дурсамж гэдэг бага багаар бүдгэрч байж л үнэ цэнтэй болдог зүйл. Магадгүй цас ч гэсэн тийм байх. Хэрвээ бид бүхнийг санаж чаддаг байсан бол дурсах зүйл үлдэх байсан болов уу? Юмс хэзээ ч алга болдоггүй байсан бол үнэ цэн гэж байх байсан болов уу? ...Дэлхий даяар ойрын жилүүдэд дахин цас дахин орох төлөвгүй байна хэмээн эрдэмтэд мэдээлэв. Би цонхоор харж суулаа. Тэнгэр хоосон байв. Гэтэл удалгүй нэгэн цасан ширхэг намуухан эргэлдсээр бууж ирлээ. Алган дээр минь тогтоод аажуухан хайлав. Тэр цасан ширхэг миний анхны хайрын үнсэлт байлаа. Дахин нэг цасан ширхэг хацар дээр үнсэхэд цэл залуухан ээж минь миний өөдөөс дотноор инээмсэглэв. Цас хамгийн үзэсгэлэнтэйгээрээ бүжин бударч байх тэр л хоромд хүмүүний бодол сэтгэл гэрэл зурагт буудаг нэгэн агшин мэт түр амсхийж, гагцхүү яг тэр агшин хамгийн эмзэг нандин дурсамжийг минь хөндөж орхидог юм уу гэлтэй. Бидний мартаж орхиод, эргээд санасан тэр мэдрэмж.

2026 оны 10 дугаар сарын 29 Л.Орхон 99659955

Уралдааны хуудас

Бусад ялагчид

  1. 2-р байр

    @oyunbat

    Өвлийг бичихийг зорьсон өнөөдрийн тэмдэглэл Өвлийн тухай бичихээр нэгэн кофе шоп-д бодлогоширон сууна. Бичихүйн тухай нэлээн хэдэн ном уншиж, унших бүрт л “Бичээд л, бичээд л” өдөр бүр бичээд байх нь…