Гурван жилийн турш өдрийн тэмдэглэл бичвэл танд юу тохиолдох вэ?
Өөрийн түүхээ өөрөө бичиж үлдээнэ гэдэг хүний амьдралын хамгийн яруу үйл гэдгийг өнгөрсөн гурван жилийн хугацаа надад тод томруун ойлгуулсан юм. Учир шалтгааныг нь энд хуваалцлаа.
Түшигт
Өдрийн тэмдэглэл тогтмол бичих гэж 2017 оноос хойш хичээсэн ч нэг л болж өгөхгүй, тасалдаж явсаар 2022 оны наадмын амралттай золгов. Тэр үед бусад үйл хэргээ зогсоох тал руугаа хандаж, бичгийн ажлаараа дагнахын зэрэгцээ бичээд амьдрал ахуйгаа залгуулдаг болохыг хичээж байж. Ингээд л алтан нар төөнөсөн, амралт зугаалга дэлгэрсэн тэр нэгэн өдөр тэмдэглэлээ бичиж эхэлснээс хойш даруй гурван жил өнгөрчээ.
…Бүх өдөр сайхан өдөр байхгүй. Гэхдээ тийм байлаа гээд өдөржин эморч, залхуураад суувал бас л утгагүй. Намайг ямар нэг зүйл хийсэн ч бай, хийгээгүй ч бай амьдрал урагшилсаар, цаг хугацаа урссаар л байна. Тиймээс онцгүй өдөр ч гэсэн заавал хийдэг дадал зуршилтай болох чухал санагдана.
Өнөөдөр наадмын нээлт албан ёсоор эхэлж байгаа юм байна. Өглөө сэрээд Фэйсбүүк дээрх шууд дамжуулалтаас л мэдэв. Өчигдөр Umbrella Academy-ийн эхний улирлыг дуусгаад, хоёр дахь улирлыг нь эхлүүлсэн учир нэлээн оройтож унтжээ. Угаасан хувцсаа ч эвхэж амжсангүй. Аан мөн орой нь Төгсжин ахын муурыг хооллосон. Нээх их ядраагүй байтал 9 цаг гаруй унтсан байх юм…
2022.07.11
Оффис, Улаанбаатар хот, Монгол улс
Түүнээс хойш өдөр бүр алгасахгүй бичээгүй ч ойролцоогоор 100 өдрийн 80-д нь ямар нэгэн зүйл бичиж үлдээжээ. Заримдаа ганц өгүүлбэр, заримдаа хэдэн зуун үг бичнэ. Эргээд харвал:
2022 онд 26,608 үг 2023 онд 30,000 үг (яг таг 30,000 шүү) 2024 онд 39,651 үг 2025 онд 24,145 үг (энэ жилдээ 50,000 хүрэх байх) тус тус бичжээ.
Өөрөөр хэлбэл туулсан, эргэцүүлсэн, талархсан бүхнээ нийт 120,000 орчим үгээр тэмдэглэн үлдээв. Энэ бол дундаж урттай хоёр романтай тэнцэх хэмжээ ба сүүлийн гурван жилд өөрийн түүхээрээ ганц уншигчтай, хоёр роман бичсэн гэсэн үг.
Яаж илүү олон хүнийг бичүүлэх вэ хэмээн байнга шаналж явдаг хүний хувьд өдрийн тэмдэглэлийг шагшин магтаж, таарсан хүн бүрдээ санал болгож буй. Учир нь энэ бол дүрэм, найруулга хамгийн бага шаардаг бичвэрийн төрөл тул анхлан бичихэд тун тохиромжтой. Нэмээд хэн ч уншихгүй болохоор дарамт бага, хүлээс сул. Сайн тал нь ингээд ч дуусахгүй. Хувь хүний хөгжлийн байж болох бүх л арга техникийг туршиж явсан хүний хувь дүгнэхэд ерөөсөө хөгжлийн нууц жор нь өдрийн тэмдэглэл л юм билээ.
Ингээд өнгөрсөн гурван жилийн турш өдрийн тэмдэглэл бичсэн туршлага дээрээ дулдуйдан уншигч тантай гурван давуу талыг нь хуваалцъя.
Цаг хугацааг тогтооно
Тэртээх жилийн тэр нэг өдөр хаана хэнтэй юу хийж, юу бодож, юунд шаналж байснаа унших сайхан. Тухайн үедээ тэнгэр нурсан мэт санагдах ч удалгүй даваад гарсан байгаагаа уншиж, амьдралдаа баярлана. Учир нь үл олдох тодорхойгүй байдал, учиг нь үл тайлагдах эргэлзээ ч гэсэн цаг хугацааны эрхэнд байр байраа олдог болохыг олж харна. Мэдээж үргэлж сайн сайхныг эсвэл амар сайхандаа жаргадаг зүйлсийг бичихгүй. Эргээд уншихад элдвийг бодуулж, сэтгэл үймүүлэх зүйлс ч бий. Одоо хэр нь учир нь олдоогүй асуултууд ч байгаа. Гол нь эдгээрийг цаг хугацааны урсгалд алдчихгүй, тогтоон бичих нь хожмын нэг өдөр тусаа өгдөг юм.
Жишээ нь 2022 оны 7-р сарын 26-нд:
“Бичих мэдээж миний хамгийн дуртай зүйл байсаар байна. Гэхдээ зөвхөн бичээд хүссэн мөнгөө олтлоо олон жил шаардагдах байх.”
гэж бичиж байжээ. Гэтэл үүнээс ердөө нэг жилийн дараа гэхэд бичихээс өөр ажил хийдэггүй буюу хийх шаардлагагүй, бичээд олсон мөнгөөрөө амьдрал ахуйгаа залгуулдаг болчихсон байсан. Хэрэв тэмдэглэлдээ энэ эргэлзээ, айдсаа бичээгүй байсан бол бичээч миний амьдрал ямар хурдаар урагшилж буйг мэдэх боломжгүй байж. Тиймээс ч энэ тэмдэглэлээ жил бүр уншиж, тэгэх бүрдээ урагшилсаар байх урам зориг авдаг билээ.
Цаг хугацаа өнгөрч, өөрийн гараараа бичсэн өөрийн минь түүх зузаарах тусам улам ч үнэ цэнтэй болдог аж. Хэдэн арван жилийн дараа уншиж, цэл залуу насаа дурсана гэхээр тогтож ядна. Тэр ч байтугай өөрөөсөө хойш үр удамдаа өвлүүлэн үлдээж болох юм. Их зүйл сурахгүй байж болох ч өвөг эцэг нь яаж явсныг уншвал сайн сан.
Өөрөө өөртөө тусална
Туулаад гарсан амьдрал гэдэг өдөр хоногуудад хуваагдаж бус нэгэн цул болж үлддэг. Тэр олон өдрийг бид “өнгөрсөн” гэх нэг саванд холиод хийчихээр сурч болох байсан олон зүйлээ алдчихаж байгаа юм. Гэтэл хүнд өөрөөс нь илүү гарах хань, найз, дайсан, хамгийн гол нь багш гэж байхгүй. Өөрийн дуу хоолойгоо гаднын нөлөөгүй сонсоно, түүнтэй ярилцана гэдэг хэт чанга дуугаар хашхичих энэ цаг үеийн тансаглал ажээ.
…Амьсгалж байгаа цагт амьдрал урагшилсаар л байна. Яг л сая орсон бороо шиг өдрүүд хүний амьдралд олон тохиолдоно. Гэхдээ нар гарна. Жаргал, зовлон ээлжилдэг энэ хорвоод алсыг харж, уртыг бодож л явах ёстой аж. Гол нь хүн л юм болохоор хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүстэй хамт байж л аз жаргалыг мэдэрдэг юм билээ. Үүнийг ирээдүйн өөртөө сануулахыг хүслээ. За вино уулаа.
2023.07.29
Гэр, Зурик хот, Швейцар улс
Асуудал тохиолдсон үед ихэнхдээ л тэмдэглэлээ ухдаг болж. Учир нь эдгээр хуудсанд л өөрийг минь хэнээс ч илүү мэдэх хүн бий. Тэр хүнд бэлэн хариулт байхгүй ч, ядаж л зовлон жаргалаа хуваалцахад ямагт нээлттэй байдаг юм.
Хорвоо ертөнцийг ажиглана
Орой бүр хоосон цааш ширтээд суухаар хүн чинь цаанаасаа л даян дэлхийн сонин сайханд анхаарал хандуулдаг болно. Өөрөөр хэлбэл, эргэн тойрноо бичээчийн хувиар анзаарч, ойлгож, буулгаж эхлэх юм. Тэмдэглэл бичээгүй өдөр жигтэй сонин зүйл болсон ч нэг удаа бодоод, хэдэн хүнд яриад л өнгөрнө. Харин тэмдэглэл бичдэг өдөр тохиосон жирийн нэгэн үйл явдлаас ч учир шалтгааныг хайж, түүнийгээ сийрүүлэн бичдэг. Энэ чадвар өнөөгийн нийгэмд тун ч хэрэгтэй дээ.
Ажлаа тарж ирэхдээ гэрийн үүдэнд аавтай таарав. Уулзаагүй олон хоножээ. Эр хүмүүс гэхдээ гүндүүгүй сайхан. Хэрэгтэй үедээ л нэг ярина. Гэхдээ л цаагуураа энэ гэр бүлийн хоёр багана нь хоёулаа шүү гэдгээ мэднэ. Аавын сахал минийхтэй уртаараа ижил болжээ. Эсвэл минийх аавынхтай ижил болсон ч юм уу. Нэг ялгаатай нь миний сахал хар, аавын сахал буурал байна. Хүүхэд байхад аав шиг том хүн байдаггүй байлаа. Харин цахилгаан шатанд суухад би ааваасаа өндөр болжээ. Гэртээ орж ирэхэд ээж “манай гэрийн хоёр эзэн орж ирлээ” гээд адууны махтай хуушуураар дайлав. Маргааш бид гэр бүлээрээ ээжийн одонг тэмдэглэж, хоол иднэ. “Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй” гэсэн шүлгийн хэсэг санаанд орлоо.
2024.01.20
Гэр, Улаанбаатар хот, Монгол улс
Жишээ нь, энэ бичвэрээ сая тэмдэглэлээ гүйлгэж байхдаа л олж уншлаа. Хэзээ нэг өдөр өгүүллэг, үгүй ядахад уран бүтээлийн нэг хэсэг ч болж мэдэх сайхан санаа, дориун дүрслэлийг тэр үедээ тэмдэглэн авч үлджээ. Тэмдэглээгүй байсан бол хорвоогийн тоосонд дарагдаад л мартагдах байсан биз.
Эцэст нь энэ бүгдийг товчилбоос, цаг хугацаг тогтоож, хорвоо ертөнцийг ажиглан өөрөөсөө суралцах боломжийг өдрийн тэмдэглэл олгоно. Тэгэхээр зүгээр хэдэн үг нийлүүлж бичээд байгаа хэрэг биш. Хүний хөгжил, сэтгэцийн эрүүл мэнд, амьдралын чанарт тун чиг хэрэгтэй эд.
Хамгийн сайхан нь өдрийн тэмдэглэл бичиж эхлэхэд танд үнэтэй багаж зэвсэг хэрэггүй. Бал, цаас эсхүл шивж болдог төхөөрөмж байхад л хангалттай. Өдөрт ердөө л таван минут зарцуулахад болно. Шинэ зүйл зохиож бичих шаардлагагүй, хэн нэгэнд уншуулна гэж сандрах ч хэрэггүй. Тэр өдөр болсон зүйлсээ л бичнэ.
Өөрийн түүхээ өөрөө бичиж үлдээнэ гэдэг хүний амьдралын хамгийн яруу үйл гэдгийг өнгөрсөн гурван жилийн хугацаа надад тод томруун ойлгуулсан юм. Иймд уншигч таныг ч гэсэн түүхээ бичихэд уриалж байна. Эрт эхлэх тусмаа л сайн шүү. Хожмын нэг өдөр харин талархахаа мартуузай.
Та бид хэлсэн үг замхарч, хийсэн үйлдэл сарниж, бичсэн үг л мөнхөрдөг хорвоод аж төрөн сууж байна.
Анхан шатны бичихүйн сургалтын эхний хичээл үнэгүй.
Бичих аяллаа эхлүүлэх
