Маркетингийн текстүүдээс ажиглагддаг 10 түгээмэл алдаа
Сайн бичвэрийн нэг том хүч нь ятган үнэмшүүлэх байдаг. Улс төрөөс эхлээд энэ хүчийг ашиглах салбар мундахгүй.
Түшигт
Тэр дундаас миний сонирхлыг хамгийн их татдаг нь бизнес буюу бараа, бүтээгдэхүүн борлуулах , брэнд, компаниа таниулах зорилготой текст бичих “copywriting”-ийн ажил юм.
Бидний үзэж байгаа сурталчилгаа, харж байгаа самбар, уншиж байгаа нийтлэл, авч байгаа бүтээгдэхүүн бүгдэд бичгийн ур ухаан шингэсэн байдаг. Үг, өгүүлбэрээрээ боломжит хэрэглэгчийг хэр зэрэг ятган үнэмшүүлж, зөвөөр сэнхрүүлж, сэрэл мэдрэмжийг нь хөдөлгөж чадна, тэр чинээгээрээ л бүтээгдэхүүн, үйлчилгээ сайн зарагдана гэсэн үг.
Copywriting-ийн нэг том төслийн ард гарснаа тэмдэглээд энэ салбарт ажиллаж байхдаа анзаарсан, тексттэй холбоотой 10 алдааг сийрүүллээ. Тэдгээр асуудлыг шийдэж болох товч шийдлүүдийг багтаасан тул маркетинг, пиар, борлуулалтын салбарынханд хэрэг болно гэдэгт итгэнэм. Мөн дуртай гадаад сурталчилгаануудаа ч оруулсан шүү.
Энэ ташрамд бяцхан сурталчилгаа хийхэд, брэнд, маркетингийн текст дээр тусламж хэрэгтэй бол надтай холбогдоорой. Үгийн хүчийг хамтдаа ашиглаж, энэ гадаад жишээнүүд шиг сурталчилгаа бүтээцгээе.
1/ Агуулга биш үгэнд хэт анхаарах
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг буюу бодит бүтээгдэхүүндээ текст нь гоёдох тохиолдол элбэг болжээ. Хэрэглэгчийг хууран мэхлэх гээгүй л юм бол эхлээд тухайн брэнд, бүтээгдэхүүнийхээ амин сүнс, бодит чадамжийг ойлгох, гаргаагүй байгаа бол тодорхойлох хэрэгтэй. Үг бол агуулгыг л илэрхийлдэг зүйл. Энэ төрлийн бичвэрт, агуулгад үг оноож өгдөг болохоос биш үг өөрөө агуулгыг бий болгохгүй.
Шийдэл: Бид яг юу хийдэг, яаж тусалдаг, ямар давуу талтай вэ гэдгээ эхлээд ойлгочихвол түүнийг үгээр буулгах амархан болно. Үг бурхан, бүтээгдэхүүн чөтгөр.
2/ Улиг болсон үгсийг ашигласаар байх
“Нэр хүндийн баталгаа”, “Таны тав тухад нийцүүлж”, “Харилцагчдын таашаалд нийцсэн”, “Монголын анхны”, “Дэлхийн хамгийн шилдэг” гэх зэрэг үгс анх гоё байсан ч одоо бол худлаа, хоосон сонсогддог болсныг ойлгох хэрэгтэй. Ийм үгс ихэвчлэн яг тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүрэн ойлгоогүй, давуу талыг нь мэдрээгүй үед аргацаасан байдалтай ашиглагдаад байх шиг харагддаг.
Шийдэл: Монгол хэлний үгийн санг ухаж малт. Эрдэнэс шиг үгс байж л байгаа. Дизайндаа мөнгө төлдөг шиг үгэнд ч гэсэн мөнгө төл.
3/ Хүн болгоны хэлж чаддаг үгийг ашиглах
Лангуун дээр цуг зогсож байгаа 100 хүн яг адилхан юм яриад байвал тэр дундаас та борлуулалт хийж чадах болов уу? Хямд үнээр өрсөлдсөөр эцэстээ бүгд дампуураад дуусах биз.
Шийдэл: Брэндийнхээ “энэ л яг манайх” гээд өмчилж чадах үг хэллэг, ярианы өнгийг тодорхойлоод түүндээ тааруулаад зоригтойхон шиг дуугарах хэрэгтэй. Итгэлтэй байвал хашхирсан ч болно.
4/ Хэт аюулгүй, эрсдэлгүй тоглох
Бид өөрсдөө хүртэл шинэ, содон, сонин зүйлд дурладаг болчхоод байгаа цаг үед B2C брэндүүд өнөөх л тогтсон хэв маягаар яваад байгаа нь том алдаа. Худал үгийг мянга давтахад үнэн болно гэдэг шиг энгийн үг хэллэгийг өндөр төсвөөр урд хугацаанд нүдсээр байгаад хүмүүст хоногшуулж болно. Гэхдээ ийм боломж нийт компаниудын 1 хувьд л бий.
Шийдэл: Корпорац л биш бол зоригтой заримдаа багахан галзуу үзэхэд буруудах зүйлгүй. Өндөр төсвийн эсрэг өрсөлдөхөд галзуу санаа л хэрэг болно.
5/ Өөр хүн шиг сонсогдох
Зангиа зүүсэн улс төрч гэнэт л залуу хүн мэт ярих гэж холиох нь кринж харагддаг шиг брэндүүд өөрсдийнхөө биш дуу хоолойг ашиглавал элэг доог болоод л дуусна. Үгүй гэхэд хэрэглэгчдийнхээ толгойг эргүүлээд, улам л хөндий болно. Хүн бүрийн толгойд энэ брэнд “иймэрхүү хүн дээ” гэсэн төсөөлөл байдаг. Түүнийг нь ямар ч зорилгогүйгээр солиод эвдээд байж болохгүй.
Шийдэл: Brand guideline шигээ Text guideline-тай болох хэрэгтэй. Брэндийн хувьд юуг яаж ярьж бичихээ баримт бичиг болгож эмхлэхгүй бол наад зах нь хүн солигдох бүрд брэндийн дуу хоолой солигдоод байдаг.
6/ Үгийн хүчийг үл үнэлэх
Сүүлийн хэдэн жилд бизнесүүд өнгө будаг, дизайн төрхөөрөө ширүүхэн өрсөлдлөө. Одоо ч ер нь бүгд л тулж байх шиг байна. Дараагийн том өрсөлдөөн текст дээр л өрнөнө. Одоохондоо бол ихэнх компаниуд байдаг л нэг тексттэй яваад байгаа. Харин цөөн хэд нь дизайн шигээ текст ялгарлаа маш сайн хийгээд хэрэглэгчдийнхээ чихэн дээр цэцэг ургуулж, эргээд харахад нь бүтээгдэхүүнээ зарж чадаад байна.
Шийдэл: Брэнд ялгарлаа тодруулах, компанийн үнэлэмжээ нэмэгдүүлэх, борлуулалтаа өсгөх шинэ гарч хайж байгаа бол текст дээрээ анхаараад үз. Оруулсан хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалт хэд дахин нугарч ирнэ.
7/ Хиймэл оюунд хамгаа даатгах
Хиймэл оюунаар бичүүлсэн текстээ сошиалдаа тэр чигт нь хуулаад оруулж байгаа брэндийг би лав шууд дагахаа больж байгаа. Хэрэглэгчээ хүндлэхгүй, өгч байгаа агуулгадаа ядаж ганц минут зарцуулчихгүй байгаа бол бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ямар ханддагийг нь мэдэх юм алга.
Шийдэл: Хиймэл оюуныг ашиглаж болно оо. Гэхдээ хамгийн нандин холбоо шаардах маркетинг, пиар дээрээ бол хүн өөрөө л ажиллах хэрэгтэй. Учир нь бид машинтай биш хүнтэй холбогдож, хүнтэй ярилцаж, хүний асуудлыг шийдэж өгөх гээд байгаа шүү дээ.
8/ Үндсэн текстүүдээ халтуурдах
Маш сайн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй ч нэр, уриа үг, кампанит ажлын текст нь муу байхыг харах ёстой харамсмаар. Аливаа брэндийн үндсэн текст бол ерөөс тэр компани юуг яаж хийж, хаана яаж байршиж, хэнд яаж хүрэх вэ гэдгийг зааж өгсөн тунхаг бичиг юм. Үүнийгээ сайн хийхгүй бол мянга кампанит ажил, сошиал медиа, төлбөртэй постоор бөмбөгдөөд нэмэргүй.
Шийдэл: Ер нь бид яагаад бизнес хийдэг юм бэ гэх үндсэн асуултаасаа л эхэлж бодох хэрэгтэй. Хэн нэгний ямар нэг асуудлыг шийдээд оронд нь орлого олох шүү дээ. Угтаа бол асуудал, шийдэл хоёроо тодорхойлоод, оновчтой үгээр илэрхийлэхэд л болчих юм.
9/ Өөрсдийнхөө тухай хэт их ярих
Энэ бол текст дээр гэлтгүй ер нь л бизнесүүдэд нийтлэг гардаг асуудал. Анхны болзоон дээрээ ганцаараа л яриад байвал ямар сайн байх вэ? Түүн шиг сурталчилгааны текстүүд дээрээ байнга би л ингэдэг, бид л тэгдэг гээд байвал явахгүй. Эцсийн дүндээ хэрэглэгчид төрдөг асуулт нь “Надад яагаад хэрэгтэй юм бэ, юу нь надад падлийтай юм бэ” юм.
Шийдэл: Бүтээгдэхүүн, үйлчилгээ чинь хэрэглэгчид яг ямар үнэ цэн өгдөг вэ, тэрийгээ л ямар нэг байдлаар ойлгуул. Гоё сонсогдохоос илүү хэрэгтэй сонсогдох нь чухал.
10/ Бүх хүнд таалагдах гэж оролдох
Ихэнх брэндүүд аль болох олон хүнд хүрч, тэдэнд таалагдах гэж явсаар байгаад эцэстээ хэнд ч онцгой санагдахаа больчихдог. Онцгой санагдахгүй болохоор хэн ч тоохгүй, худалдан авалт хийхгүй. Ямар ч супер бизнес байлаа гэсэн хүн бүрд хүрэх, таалагдах боломжгүй.
Шийдэл: Бүх хүнтэй биш, яг өөрийн хэрэглэгчидтэйгээ л ярь. Зарим хүнд таалагдахгүй байсан ч хамаагүй. Ноён доллар биш гэдгээ ямагт санах хэрэгтэй. Брэнд, бүтээгдэхүүнээ хүн гэж бодоод яг ямархуу яриа хөөрөөтэй нөхөр байх вэ гэдгээ л бодчихвол энэ алдааг засах тийм ч хэцүү биш шүү.
Анхан шатны бичихүйн сургалтын эхний хичээл үнэгүй.
Бичих аяллаа эхлүүлэх
